Улсад хамгийн олон малтай нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-01-30 10:45:43

2016 оны мал тооллогын дүнгээр Хэнтий аймгийн мал 3 сая 903.6 мянган толгойд хүрч 2015 оныхоос 9.9 хувь буюу 352.4 мянгаар өсчээ.

Тооллогын дүнгээр адуун сүргийн тоо толгой  280.8 мянга, үхэр 296.2 мянга, тэмээ 4.3 мянга, хонь 1938.1 мянга, ямаа 1384.1 мянгад хүрч, 2015 оныхоос адуу 32.8 мянга буюу 13.2 хувиар, үхэр 25.7 мянга буюу 9.5 хувиар, тэмээ 0.3 мянга буюу 7 хувиар, хонь 199.5 мянга буюу 11.5 хувиар, ямаа 94.2 мянга буюу 7.3 хувиар тус тус өссөн байна. Нийт мал сүргийн дотор адуу 7.2 хувь, үхэр 7.6 хувь, тэмээ 0.1 хувь, хонь 49.7 хувь, ямаа 35.4 хувийг тус тус эзэлж байгаа юм. Нийт мал сүргийн 85.1 хувийг бог мал, 14.9 хувийг бод мал эзэлж байна.

Монгол Улсын хэмжээнд Хэнтий аймаг малын тоо толгойгоороо 6-р байранд бичигдэж байгаа бол тэмээгээр 13-р байр, адуугаар 4-р байр, үхрээр 4-р байр, хониор 5-р байр, ямаагаар 10-р байр эзэлж байна.

Улсын хэмжээнд хамгийн олон мал тоолуулсан сумаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум 485.0 мянган толгой мал тоолуулж шалгарлаа.

Хамгийн олон мал тоолуулсан багаар авч үзэхэд Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант баг 176.0 мянган толгой мал тоолуулсан амжилтаар улсын хэмжээнд хоёрдугаар байранд бичигдэж байна.

Хэнтий аймаг 2016 онд 842 мянгат малчинтай болж, шинээр 110 мянгат 1000 дээш мал тоолуулжээ.  Мянгат малчдын тоогоор Баянхутаг сум 115 мянгатаар тэргүүлж байна.

Аймгийн хэмжээнд Өмнөдэлгэр сум 485.0 мянган малаар тэргүүлж байгаа бол Баянхутаг сум 381.4 мянга, Хэрлэн сум 380.5 мянга, Батноров сум 355.1 мянга, Галшар сум 295.9 мянган толгой мал тоолуулсан амжилтаар удаах байруудад шалгарсан аж.

Харин адуугаар Батноров сум 30.1 мянга, үхрээр Өмнөдэлгэр сум 36.1 мянга, тэмээгээр Дархан сум 812 толгой, хониор Өмнөдэлгэр сум 235.4, ямаагаар Өмнөдэлгэр сум 187.9  мянгаар тус тус тэргүүлж байна.

Аймгийн  хэмжээнд Баянхутаг сумын Жаргалант баг 176.0 мянган толгой малаар тэргүүлж байна. Адуугаар Баянхутаг сум Жаргалант баг 14.6 мянга, үхрээр Баянхутаг сум Жаргалант баг 10.0 мянга, тэмээгээр  Дархан сум Дотуур булаг баг 687 толгой, хониор Баянхутаг сум Жаргалант баг 97.6 мянга, ямаагаар Баянхутаг сум Жаргалант баг 53.4 мянган мал тоолуулж аймагтаа тэргүүлсэн байна.

Д.Одонтунгалаг

 

Холбоотой мэдээ