Чилид түймэр дэгдсэний улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2017-01-27 13:53:25

САНТЬЯГО. /Xinhua/. Чилид ой хээрийн түймэр газар авсны улмаас 10 хүн амиа алдаж, хэдэн мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байна.  Тус улсад одоо зуны улирал болж байгаа бөгөөд цаг агаар халуун, хуурай байгаа аж.

Нийслэл Сантьяго хотоос өмнө зүгт 100 гаруй км-ийн зайд орших Андын нурууны бүс нутагт өнгөрсөн долоо хоногт дэгдсэн ойн түймэр хүрээгээ тэлсээр байна.

Холбогдох албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, тус улсад 100 орчим газарт түймэр гарч, 270 мянга гаруй га газар шатаад байна.

Түймрийн улмаас 10 хүн, тэдний дотор цагдаа нар болон нэг гал сөнөөгч амиа алджээ. Мөн 4000 гаруй хүн, тэдний дотор түймэрт орон гэрээ алдсан хүмүүс түр хоргодох байранд амьдарч байна.

Түймрийн аюул газар авсан тул Чили улсын Засгийн газар онц байдал зарлажээ. Цаг агаар хуурай, хүчтэй салхитай байгаа нь гал түймрийг унтраахад саад болж байна.

Санта Ольга гэдэг жижиг хот бүхэлдээ түймэрт автан сүйджээ.

Чилийн орчин цагийн түүхэн дэх хамгийн их хохирол учруулсан түймрийг унтраахад гадаадын орнууд тусалж байна. Тухайлбал, ОХУ түймрийг унтраахад туслахаар олон тонн ус тээвэрлэдэг нисэх онгоцоо илгээжээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ