“Алтан жаал”-ыг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
adiyakhuu@montsame.mn
2017-01-26 10:52:34

МОСКВА./TASS/. Дэлхийн боксын зөвлөл /WBC/, Олон улсын боксын холбоо /IBF/, Бүх дэлхийн боксын байгууллагын /WBO/ аваргын титмийг янз бүрийн жингийн ангилалд хүртэж байсан алдарт боксчин Оскар де ла Хойя-г Калифорни муж улсын Пасадена хотод баривчилжээ.

Өдгөө 43 настай де ла Хойя-г автомашинаа унаж явахад нь цагдаа нар зогсоон шалгахад тэрбээр мансуурсан байдалтай байжээ. Ийм учраас түүнийг газар дээр нь баривчилсан бөгөөд ямар шийтгэл оноох нь одоогоор тодорхойгүй байна.  

Де ла Хойя өмнө нь сэтгэцэд нөлөөлөх бодисоос хамааралтай болсон гэх оноштойгоор сэргээн засах төвд хэд хэдэн удаа эмчлүүлж байжээ.

"Барселона-1992" Олимпын наадмын алтан медаль хүртэж байсан түүнийг тухайн цаг үеийнхээ шилдэг боксчдын нэг гэж үздэг. Тэрбээр Жефф Мэйуэзер, Флойд Мэйуэзер, Бернард Хопкинс, Мэнни Пакьяо, Хулио Сесар Чавес нарын зэрэг шилдгүүдтэй гар зөрүүлэхийн тулд хөнгөн жингээс дунд жинд шилжин тоглож байлаа. “Алтан жаал” гэгдэх болсон энэ боксчин мэргэжлийн боксын рингэнд 45 удаа тулаан хийхдээ 39 ялж, 6 удаа ялагджээ.

Боксчныхоо замналыг дуусгасныхаа дараа тэрбээр "Golden Boy Promotions" гэдэг компани байгуулж, промоутерын үйл ажиллагаа явуулах болжээ.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ