Хууль бусаар алт олборлогчдыг албадан буулгав

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2017-01-25 17:28:10

Увс аймгийн Тариалан сумын нутаг дахь Бор хавцал хэмээх газарт хууль бусаар алт олборлож байсан иргэдийг аймгийн МХГ-аас албадан буулгажээ.

Бор хавцалд хэмээх газарт аймгийн төвөөс 50-иад иргэд очиж энэ өвөл гар аргаар хууль бусаар алт олборлосон байна. Эдгээр хүмүүст захиргааны болон торгуулийн арга хэмжээ авах аж. Тус газрыг тусгай хэрэгцээнд авах саналыг Тариалан сумын ЗДТГ-аас гаргаад байна. Хэрвээ Бор хавцалыг тусгай хэрэгцээнд авчихвал бичил уурхай эрхлэгчдийг жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллуулах боломжтой аж. Ингэснээр хувь хүмүүс ганц хоёроороо хууль бусаар алт олборлохыг болиулах юм байна.

Тариалан сумын хувьд сүүлийн жилүүдэд Бор хавцалын чиглэлд хууль бусаар алт олборлуулахгүйн тулд аймгийн Цагдаагийн газар болон МХГ-тай хамтран хэд хэдэн удаа эргүүл ажиллуулсан байна. Гэвч төсөв мөнгөний хүндрэлтэй байдлаас үүдээд тогтмол хянаж чаддаггүй аж. Иймээс нутгийн иргэд, малчдын дуудлагаар гар аргаар алт олборлогчид ууланд ирснийг мэддэг байна.

Б.Батхүү  

Холбоотой мэдээ