Завханы шилдэг өсвөрийн цаначид дахин Түдэвтэй сумаас тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-23 00:29:32

Завханы Нөмрөг сумд аймгийн аварга шалгаруулах өсвөрийн цаначдын “Цанахүү-2017” тэмцээн боллоо.

Тэмцээнд Э.Бүрэнтогтох дасгалжуулагчтай Нөмрөг сум, Б.Оюунбилэг дасгалжуулагчтай Баянтэс сум, Б.Баярсайхан дасгалжуулагчтай Түдэвтэй сум, Г.Лхагвасүрэн дасгалжуулагчтай Тэс сум, Т.Баттогтох дасгалжуулагчтай Увс аймгийн Өндөрхангай сумын баг тамирчид урилгаар оролцож 60 шахам өсвөрийн тамирчид өрсөлдлөө. Өсвөрийн цаначид зай, насны төрлөөр тэсвэр, тэвчээрийн хат зааж, тэсгим хүйтний өдрүүдэд авьяас билиг, хурд хүч, авхаалж самбаагаа сорив. Ийнхүү эрэгтэй  11 насны ангилалд  Завханы Түдэвтэй сумын Д.Пүрэв-Очир, эмэгтэй тамирчдаас Увсын Өндөрхангай сумын тамирчин М.Дуламсүрэн нар нэг болон гурван километрт тус тус тэргүүлжээ.  Харин эрэгтэй 12-13 насанд Түдэвтэй сумын Н.Намхайнямбуу, эмэгтэй тамирчдаас Нөмрөг сумын Г.Хуншагай, эрэгтэй 14-15 насанд мөн сумын Г.Отгонбаяр, эмэгтэйчүүдээс Ж.Бямбанордог нар тус тус тэргүүллээ. Эрэгтэй 16-17 насны 10-15 километрт Нөмрөг сумын  Л.Ням-Очир, Түдэвтэй сумын Б.Ойгонзаяа нар тэргүүлжээ. Багийн дүнгээр өнгөрсөн хоёр жилийн аварга Б.Баярсайхан дасгалжуулагчтай Түдэвтэй сум түрүүлж, Нөмрөг, Тэс сумын баг тамирчид удаалав.

Мөн үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Сайн үйлс” медалиар Түдэвтэй сумын дасгалжуулагч багш, Цанын спортын зүтгэлтэн Б.Баярсайхан, “Шилдэг хүүхэд” медалиар Түдэвтэй сумын тамирчин 2016 оны УАШТ-ний хошой мөнгөн медалт сурагч Б.Ойгонзаяа, “Авьяас” медалиар Түдэвтэй сумын тамирчин 2016 оны УАШТ-ний хошой мөнгөн медальт сурагч Г.Отгонбаяр, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Хүндэт өргөмжлөл”-өөр Нөмрөг сумын ахмад багш, Цанын спортын зүтгэлтэн Д.Лхагвасүрэн, “Зөв-Завхан хүүхэд” медалиар Түдэвтэй сумын тамирчин Ж.Бямбанордог, Нөмрөг сумын тамирчин Л.Ням-Очир нарыг тус тус шагнав.

Тэмцээнд тэргүүн байр эзэлсэн найман сурагч өсвөрийн цаначдын Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох аж.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ