Гэмт хэргийн илрүүлэлт өмнөх оноос өссөн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-01-19 16:20:20

Архангай аймгийн нутаг дэвсгэр 2016 онд нийтдээ 536 гэмт хэрэг гарчээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.4 хувиар ахисан байна.

Гэмт хэргийн гаралтад дүн шинжилгээ хийхэд ахуйн хүрээнд, согтуугаар, гудамж талбайд үйлдэгдсэн, иргэдийн эрх чөлөө эрүүл мэндийн эсрэг гэмт хэргүүд нэлээд өссөн байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас иргэдийн гомдол мэдээллээр үүссэн хэргүүд ч анхаархал татсаар байгаа аж.

Хэдийгээр гэмт хэргийн гаралт өссөн ч Цагдаагийн газраас хүн хүчээ зөв зохион байгуулж, аймаг орон нутгийн дэмжлэг, хил залгаа Цагдаагийн байгууллагуудын хамтын хүчээр гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой үе шатаар ажил арга хэмжээ зохион явуулснаар гэмт хэргийн илрүүлэлтийн төвшин өмнөх оны мөн үеэс 7 орчим хувиар өссөн эерэг үзүүлэлттэй байгаа юм.

“Бидний ажилд Цагдаагийн газар болон иргэд, төр захиргааны байгууллагын гурвалсан холбоо нэн чухал байгаа. Иймд иргэддээ чиглэсэн, иргэдийнхээ оролцоонд тулгуурласан ажил зохион байгуулахаар төлөвлөж байна” хэмээн Архангай аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Ганзориг мэдээллээ.

Б.Баясгалан

Холбоотой мэдээ