Сэргэлэн сумын нутгийн ихэнх хэсэг малын туурайн цастай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2017-01-19 16:12:23

Улсын хэмжээнд 127 суманд өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулж, Шадар сайд, улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхээр ахлуулсан бүлэг Дорнод аймагт ажиллаж байна.

Өнгөрсөн хаврын түймэрт Сэргэлэн сумын олон айл өрх хашаа хороо, мал ахуйгаа алдаж, нутаг бэлчээрийн талаас илүү хувь нь түймэрт шатсан. Түймэр, зуны гандуу, намар цас эрт орсон зэргээс үүдээд тус сумын нутгийн 37 хувь нь бэлчээрийн доройтолд оржээ.

Баян-Уул, Баяндун сумтай харьцуулахад нутгийн ихэнх хэсэг малын туурайн цастай байгаа ч цас нэмж орвол дээрх хүндрэлүүдээс үүдээд өвөлжилт хүндрэх вий гэж нутгийнхан санаа зовниж буйгаа ярьж байлаа.

Одоогоор баг хооронд 35, өөр сумын нутагт 38 өрх оторлож байгаа. Сумын ард иргэд 4780 тн өвс, 18 тн хивэг бэлтгэсэн бол сумын нөөцөнд 114 тн өвс, 22 тн хивэг базаажээ.

Сумын нөөцийн өвс тэжээлээ 12 дугаар сарын сүүлээс малчиддаа үнэгүй тарааж эхлээд байна.

Хаваржилт хүндэрч болзошгүй учир нөөцийн өвс тэжээлээ 36 тн-оор нэмэгдүүлж, мөн хүн эмнэлгийн автомашин шаардлагатай байна гэдгээ сумын Засаг дарга танилцуулж, энэ асуудлаа аймаг орон нутагтайгаа хамтраад шийдэхийг Шадар сайд үүрэг болголоо. Харин Онцгой комиссоос Сэргэлэн суманд 22 тн өвс, 11 тн хивэг өгөв.

Cэргэлэн суманд амин чухал тулгамдсан асуудал харьцангуй гайгүй байна гэж сумын удирдлага танилцуулсан. Харин Баян-Уул сумын ЕБС-ийн барилга 2012 онд эхлээд одоог хүртэл царцсан байдалтай байгаа бол Баяндун сум сургуулийн дотуур байрны асуудлыг шийдүүлэх шаардлагатай байгаагаа Шадар сайдаар дамжуулан Засгийн газарт  уламжлуулахаар болоод байна.

Д.Дэлгэрмаа

Тү

Холбоотой мэдээ