Сургуулийн төлбөр нэмэх шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-01-17 13:50:34

Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх  Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 70321111 утсанд Мэргэд сургуулийг сургалтын төлбөрөө нэмсэн талаар иргэдээс гомдол иржээ.

Тодруулбал Мэргэд лаборатори сургуулийн Удирдах зөвлөл 2016 оны 11 сарын 21-ний өдөр хуралдаж,  сургалтын төлбөрөө бага ангид 129000 байсныг 279000, дунд анги 139000 байсныг 289000, ахлах ангид 149000 байсныг 299000 болгохоор хэлэлцсэн байна. Өрхийн орлого бага, эдийн засгийн хямралтай байгаа энэ үед сургалтын төлбөрийг ийнхүү огцом нэмсэн нь эцэг, эхчүүдийн бухимдлыг төрүүлсэн учир 70321111 утсанд хандсан байх бөгөөд Боловсрол соёлын газраас тус сургуульд албан тоот өгч шалгасан юм.

Сургалтын төлбөрийг ямар үндэслэлээр нэмсэн, юунд зарцуулах нь тодорхойгүй, нарийн судалгаа хийгээгүй, эцэг эхчүүдийн саналыг авч, мэдээлэл өгөөгүй байсан учраас сургалтын төлбөрийг нэмэх бодит нөхцөл үүсээгүй хэмээн Боловсрол, соёлын газраас үзэж, уг шийдвэрийг зогсоожээ.

Мөн дээрх утсанд цахилгаан, эрчим хүч, сургууль, цэцэрлэгүүд, БОЭТ зэрэг байгууллагуудад хандсан  гомдол үргэлжлэн ирсээр  байна. Тухайлбал элэгний С вирустэй иргэд олон байна. Эдгээр иргэд элэгний С вирусээ тоолуулахын тулд заавал Улаанбаатар хотод очиж шинжилгээ өгч байгаа нь Үүнийг шийдвэрлэж, С вирусыг тоолуулах, шинжилгээ өгөх асуудлыг БОЭТ-д авч болох уу? гэсэн иргэний санал ирсэн бол айлууд тог цахилгааны мөнгө их гарсан, Бат-Өлзий сумын цэцэрлэгт сонгон шалгаруулалтанд ороогүй хүнийг ажилд авсан гэх гомдлууд ирсэн байна.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ