Афганистанд АНУ-ын 5500 цэрэг үлдэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-10-16 13:42:26

ВАШИНГТОН. /TASS/.  Афганистан дахь цэргүүдийнхээ тоог 5500 хүртэл цөөрүүлэх шийдвэрийг АНУ-ын эрх баригчид гаргажээ. Энэ тухай тус улсын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдсэн байна.

“2016 онд Америкийн цэргийн албан хаагчдыг Кубал дахь АНУ-ын Элчин сайдын яаманд  үлдээхийн оронд Баграм, Желалабад болон Кандагар зэрэг цэргийн баазуудад байрлуулах шийдвэрийг бид гаргалаа” гэж тэрбээр Цагаан ордонд үг хэлэхдээ онцлон тэмдэглэжээ.

Обамагийн хэлснээр, Афганистанд үлдэж буй АНУ-ын Зэвсэгт хүчний цэргүүд “тус улсын аюулаас хамгаалах хүчнийг бэлтгэж, сургахаас гадна терроризмтой тэмцэх ажиллагаанд оролцоно”.

“Дээрх шийдвэр нь Афганистаны аюулаас хамгаалах хүчнийг бэлтгэж, сургах бидний хүчин чармайлтыг илүү их хүчтэй болгох боломж олгоно” АНУ-ын төрийн тэргүүн тайлбарлажээ. “Энэ ажиллагаа АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг хангахад зайлшгүй чухал юм” гэж Обама хэлсэн байна.

“Афганистанаас АНУ-ын болон гадаадын цэргүүдийг бүрэн гаргах цорын ганц бодит арга зам бол тус улсын эрх баригчидтай  улс төрийн тогтвортой шийдэлд хүрэх юм” гэж Обама  “Талибан” хөдөлгөөнийхөнд хандан үг хэлэхдээ онцлон дурджээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ