Үндсэн хууль батлалцсан депутатууддаа хүндэтгэл үзүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-01-13 16:01:15

Монголын Залуучуудын холбоо /МЗХ/ Үндсэн хууль батлалцсан депутатуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

МЗХ-ноос АИХ-ын 13 депутат төрөн гарсан байдаг бөгөөд тэдний төлөөлөл болгож Г.Ганболд, Д.Балдан Очир, Б. Буяндэлгэр нарыг урьж, залуучуудтай чөлөөт уулзалт зохион байгуулав.

Г.Ганболдын хувьд МХЗЭ-ийн Төв Хорооноос ажлын гараагаа эхэлсэн, ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар, “Голомт” банкны тэргүүн дэд захирлын албан тушаалыг хашиж байсан. Д.Балдан Очир нь Дархан хотод илгээлтийн эзнээр хөдөлмөрийн гараагаа эхэлсэн бөгөөд Улсын Бага Хурлын гишүүн, УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байжээ. Б.Буяндэлгэрийн хувьд Дорнод аймгийн МХЗЭ-ийн үүрийн ажилтнаас ажлын гараагаа эхэлж, Ардын Их Хурлын депутатаар сонгогдож байсан хуульч мэргэжилтэй хүн юм.

Сонирхуулахад эдгээр эрхмүүд нь бүгд 20 гаруйхан насандаа Үндсэн хуулийг батлалцаж байв. Тэд уулзалтын үеэр залуучуудын байгууллагад ажиллаж байсан үеийнхээ дурсамжаас хуваалцаж, залуу хүн гэдэг улс эх орны хамгийн чухал хөдөлгөгч хүч тиймээс илүү сайн ажиллаж, хөгжил дэвшилд гар бие оролцох ёстойг онцлон дурьдаж байлаа.

Б.Туул

Холбоотой мэдээ