Хятадын хүндийг өргөгчдийн алтан медалийг хураана

Дэлхийд | Спорт
adiyakhuu@montsame.mn
2017-01-13 10:05:29

МОСКВА./TASS/. 2008 оны Бээжингийн Олимпоос алтан медаль хүртсэн Хятадын хүндийн өргөлтийн эмэгтэй тамирчид болох Цао Лэй /-75 кг/, Чэнь Сеся /-48 кг/, Лю Чуньхун /-69 кг/ нараас авсан сэргээшийн шинжилгээнийг сорьцыг дахин шалгасны дараа эдгээр гурван тамирчны үзүүлсэн амжилтыг хүчингүй болгох шийдвэрийг Олон улсын Олимпын хороо гаргалаа.  

Хятадын тамирчдаас авсан сорьцнуудад өсөлтийн дааврыг идэвхжүүлэгч бодис илэрсэн байна.  Тэднээс гадна Беларусь улсын тамирчин Надежда Остапчук, Дарья Пчельник нарын Бээжингийн Олимпын тоглолтод үзүүлсэн амжилтыг хүчингүй болгожээ. Олимпын хүрэл медаль хүртсэн бөөрөнцөг шидэгч Н.Остапчукаас авсан сорьцонд туринабол, тамоксифен гэдэг хориотой бодисууд илэрсэн бол зээрэнцэг шидэлтийн төрөлд 4 дүгээр байр эзэлсэн Д.Пчельникийн сорьцонд туринабол илэрсэн байна.

Түүнчлэн Лондонгийн Олимпын үеэр Туркийн тамирчин Сибель Шимшек, Азербайжаны Интигам Заиров, Норайр Варданян нараас  авсан сэргээшийн шинжилгээний сорьцыг дахин шалгахад хориотой бодисууд хэрэглэсэн нь тогтоогджээ.

Сэргээшийн шинжилгээний нийт 1243 сорьцыг дахин шалгах явцад Бээжингийн Олимпод оролцсон 98 тамирчин, Лондонгийн Олимпод оролцсон 38 тамирчнаас хориотой бодисууд илэрсэн байна. Тэднээс 23 хүн Олимпын медалиа хураалгахад хүрчээ.

Б.Адъяахүү

 

Холбоотой мэдээ