Д.Трамп ялсны улмаас Ж.Сорос нэг тэрбумаар “шатжээ”

Дэлхийд | Эдийн Засаг
adiyakhuu@montsame.mn
2017-01-13 08:59:35

НЬЮ-ЙОРК./TASS/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трамп ялсны дараа хөрөнгийн зах зээлийн чиг хандлага түр зуур өөрчлөгдсөний улмаас Америкийн тэрбумтан Ж.Соросын хөрөнгө чинээ 1 тэрбум доллароор дундарчээ. Энэ тухай “Уолл Стрийт Жорнэл” сонины цахим хувилбарт бичсэн байна.

Сонгууль болсны маргааш нь Америкийн биржүүдийн индекс огцом унана гэдгийг ихэнх хөрөнгө оруулагчид, тэдний дотор Сорос сайн мэдэж байжээ. Гэтэл ганцхан өдрийн дотор байдал эрс өөрчлөгдөж,  хувьцааны ханш өсч эхэлсэн байна. Тодруулбал, сонгуулийн дараах хэдхэн өдрийн дотор ханш 10 хувиар өссөн нь Соросын санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлжээ.

Уолл Стрийт Жорнэл-д бичсэнээр, Трампын эдийн засгийн бодлого нь корпорациудын орлогыг нэмэгдүүлж, эдийн засагт сайнаар нөлөөлнө гэсэн хүлээлт үүссэн учраас хөрөнгийн зах зээлд өсөлт гарсан аж. Үүнийг соргогоор мэдэрсэн Сорос бирж дээр тоглох тактикаа өөрчилснөөр цаашид гарч болох алдагдлаас сэргийлж чадсан байна.

Сорос бол  "Soros Fund Management" санг үүсгэн байгуулагч бөгөөд дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг юм. “Форбс” сэтгүүлийн хийсэн тооцоогоор, тэрбээр 25 тэрбум долларын хөрөнгөтэй аж.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ