Ц.Идэрбат:Cум, хотын хөгжилд иргэдийн бодит дэмжлэг гол хүчин зүйл нь 

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-01-11 22:12:35

Шинэ оны эхэнд Хэнтий аймгийн төв Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбатыг урьж ярилцлаа. Тэрбээр ажлаа хүлээж аваад хоёр сар гаруй хугацаа өнгөрсөн ч багагүй ажлуудыг санаачлан хийж амжуулжээ. 

- Сайн байна уу. Танд шинэ оны мэнд хүргэе.

- Баярлалаа. Нийт Хан Хэнтийчүүддээ шинэ оны мэнд хүргэж, эрүүл энхийг хүсэн ерөөе.

- Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагчийн ажлын өдрүүд хэр ачаалалтай өнгөрч байна даа?

- Засаг  даргаар батламжлагдаад  хоёр сар гаруй болж байна, мэдээж хотын ажил гэдэг маш өргөн хүрээг хамардаг, хог шороо, золбин нохой, цаг үеийн ажлууд гээд л, өглөө 8 цагт ажлаа эхэлж, орой 20-22 цаг дөхүүлээд харьж  байна. Яагаад гэвэл  сумын дарга, хотын даргатай уулзах хүсэлтэй иргэд маш ихээр ирдэг. Уулзана гээд үүдэнд хүлээгээд байгаа хүмүүсийг ажилтай гээд хүлээлгээд байх эсвэл хүлээж авахгүй гээд явуулах хэцүү учраас уулзаад, асуудлыг нь сонсоод,  газар  дээр  нь  шийдвэрлэх  боломжтой бол шийдээд, холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг даалгавар өгөх  зэргээр ажилладаг. Ер нь орой үдшийн цагаар л боловсруулах,төлөвлөх ажлуудаа амжуулж байна. Иргэдийн  дийлэнх  нь туслалцаа, ажлын байр  хүсэх зэрэг асуудлууд тавьж байгаа. Тэгэхээр цаашид иргэдтэй уулзах тогтсон хуваарьтай болвол хэн хэндээ хүндрэлгүй болох байх.    

- Та төсөв санхүү, ажил байдлын хувьд ямархуу сум хүлээж авав?

-Төсвийн хувьд манай Хэрлэн сум хүндэрсэн зүйл алга. Ялангуяа 2016 онд сонгуулийн жил тохиосонтой холбоотой сумын ОНХС-д 270 орчим сая төгрөгийн хөрөнгө тавигдсан ч 160-аад сая төгрөг нь орж ирсэн юм билээ. Өмнөх удирдлага Н.Базарханд дарга ухаалаг шийдвэр гаргаж, сонгуультай холбоотойгоор болон мөнгө санхүүгийн нөхцөл байдлаа дүгнээд, тодорхой ажлуудыг хойшлуулсан учраас манай суманд өр төлбөрийн асуудал үүсээгүй. Мөн төсөвт тодотгол хийснээр төрийн үйлчилгээний буюу сургууль, цэцэрлэг эмнэлэг зэрэг тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүждэг байгууллагуудын санхүүжилт хэвийн болсон. 

- Бичин жилийн өвөл хэцүү болно гэдэг. Өвөлжилтийн байдал улс орны хэмжээнд анхаарал татсан асуудал болоод байна. Чингис хот дулаан цахилгаан гээд өвөлжилтийн бэлтгэлээ хэрхэн базаав, цаг хүндэрвэл даван туулах чадвар ямар байна вэ?

- Өвөлжилтийн байдал одоогоор хэвийн байна. Ерөнхийдөө манай сум цагаанаар зудархуу гэдэг ангилалд байгаа, цас нэмээд орвол цагаан зуд гэдэг ангилалд орох нөхцөл байдал үүсээд байна. Үүний эсрэг бид гамшгийн менежментийн төлөвлөгөөний дагуу ажиллах шаардлага тулгарч байгаа. Хэрлэн  сумын хувьд өвөлжилтийн  асуудлыг 2 чиглэлээр ярих хэрэгтэй болов уу. Нэгдүгээрт:  ХАА-н бэлтгэлийн хувьд аймгийн Засаг даргын албан даалгаврыг хэрэгжүүлж, 4000 боодол өвс бэлтгэсэн байсныг  4 сая орчим төгрөгөөр буюу 1000 боодол өвсөөр нэмээд байна. Удахгүй хивэг татаж авч ирэх, малчдад хүргэх  ажлыг тус тус зохион  байгуулна. Энэ бүхнийг төрийн  албан  хаагчдын цалингаас татан авч хөрөнгө төвлөрүүлж байгаа гэдгийг манай малчид ухамсарлаасай гэдгийг хэлмээр байна. Хэрлэн  сум Өлзийт, Тахилгат гэсэн 2 тосгонтой. Эдгээр тосгоны өвөлжилтийн явцтай 2 удаа очиж танилцан, тодорхой үүрэг даалгавар өгч хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. Мөн Тахилгат тосгонд 2000 боодол өвс байршуулсан. Оны өмнө 12 дугаар сарын 8-17-ны хооронд хийсэн мал тооллогын үеэр дан ганц малаа тоолох биш, малчин өрх бүрийн өвөлжилтийн бэлтгэл байдлыг газар  дээр нь харж, шаардлагатай судалгааг гарган мэдээллийн сантай  болсон байгаа. Малчдынхаа нөхцөл байдалтай газар дээр нь танилцахад, зарим айл 700-800 толгой малтай хэрнээ гаднаа ганц портер өвстэй, цаг хатуурвал хүнд байдалд орохоор байна. Зарим малчид хужир шүү татаагүй зэргээр хувийн бэлтгэл хангалтгүй байна. Иймээс Өлзийт тосгоны Шорвогийн нуураас хужир шүү лаг татах бололцоог хангаж, туулах чадвартай машинаар зам гаргасан. Хэдхэн  хоногийн  өмнө аймгийн  Засаг  дарга  өвөлжилтийг  хохирол багатай даван  туулахад  зориулж, бүх  сум, суурин  газруудад 0.5-1.5 сая төгрөгийн  асуудлыг  шийдвэрлэсэн байгаа. Хоёрдугаарт: Төв суурингийн өвөлжилтийн бэлтгэлийг сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг гаргаад хяналт шалгалт хийлгэсэн. Шалгалтын дүнд зарим газар сантехникийн холболт буруу мөн муудсанаас болоод сайн халахгүй байна гэсэн гомдол ирсэн байгаа. Аймгийн төвийн өвөлжилтийн бэлтгэл “Хэнтий Ус” ХХК-тай шууд холбоотой. Тус компанийг санхүүгийн хүндрэлээс гаргахын тулд аймаг орон нутгаас анхаарал тавин ажиллаж байна. Саяхан аймгийн ИТХ-ын хуралдаанаар 130 сая төгрөгийн дэмжлэгийг  “Хэнтий Ус” ХХК-д шийдвэрлэж өгсөн. Энэ өвөл дулаан хангалтын тал дээр Чингис хот доголдохгүй.

- Та ажлаа авснаас хойш онлайнаар нэлээд олон санал дэвшүүлснийг харж байсан. Иргэдийн санал хүсэлтээс хийж хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ямар ажлууд байна вэ?

- Нэгдүгээрт: Одоо болтол шийдлээ сайн олохгүй байгаа зүйл бол хогны асуудал байна. Энэ асуудлыг цогцоор нь шийдэх хэрэгтэй. Сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрт, хогны шинэ менежмент хэрэгжүүлэх, хогны мөнгийг хогонд нь зарцуулья, төр хувийн хэвшил хамтаръя гэсэн зорилт тусгаад байна. Төрийн үүрэг оролцоо зөвхөн хяналт тавих, зуучлах, хариуцлага тооцох механизмыг авч, хогоо татдаг, зайлуулдаг механизмыг хувийн хэвшилтэйгээ хамтарч хийе гэж төлөвлөсөн. Өнөөдөр ажилгүй, машинтай залуучууд зөндөө байна, эдгээр хүмүүсийг хогны ажилд татан оролцуулж, ажилтай орлоготой болгоно. Иргэд маань, хогийг хурдан шуурхай авч бай, хогондоо баригдлаа гэдэг санал их тавьсан. 

Хоёрдугаарт: Чингис хотод байгаа мал бүхий иргэдийн асуудлыг цэгцлэх шаардлага тулгарч байна. Өнөөдөр  Чингис хотод 30 гаран өрхийн 700 гаруй толгой мал, 10 гаран  өрхийн 120 гаруй гахай  байна. Эдгээр мал, гахайн  асуудал  олон  жил  яригдаж  байгаа ч  өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүй байна. Зүүн гурван  аймгаас энэ  асуудлаа  шийдвэрлээгүй ганц  аймаг бол манайх. Ногоон байгууламжийг мал идэж сүйтгэхээс гадна нохой, гахай нь хог тараагаад байдаг. Энэ бүхнийг хараад суугаад байж болохгүй. Иймээс мал  бүхий иргэдтэй 12 дугаар сарын 15-нд уулзаж, нөхцөл байдал, цаашид  авах  арга  хэмжээний талаар тодорхой саналуудыг танилцуулж, мөн эдгээр хүмүүс ямар асуудалтай байгааг ярилцаад үндсэндээ ойлголцолд хүрсэн. Ирэх оны 5 дугаар сарын 15-наас Чингис хотоос мал бүхий өрхүүдийг нүүлгэх шийдвэр гаргасан. Дээрх хугацаа болтол хэрхэн зохицуулах талаар бид боловсруулалт  хийж байна.  

Гуравдугаарт: Золбин нохойн асуудал. Намайг ажил авч байхад Чингис хотын хэмжээнд 20 орчим хүн нохойд уруулсан, галзуугийн вакцин байхгүй зэрэг хүндрэл байсан учраас 300 нохой устгах ажлыг 12 сард хийж дуусгалаа. 2017 онд төсөв танагдсан ч нохой устгалд 10 сая төгрөг тавьсан. Энэ жил 12 сая төгрөг зарцуулсан юм. Дээр нь муур бас дийлдэхээ байлаа гэж байна. Ингээд гахай, нохой, муур, үхрэндээ баригдсан хот болох гээд байна, тиймээс үүний эсрэг тууштай явахгүй бол эргээд малын халдварт өвчин, иргэдийн  аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж  байна. Цаашид нохойг буудахаас илүүтэй мал эмнэлгийн өөр арга замыг судлах шаардлагатай байна. Түүнчлэн иргэдийн саналыг хүлээж авах 7056-4111 гэсэн шууд утсыг ажиллуулж эхэлсэн. Иргэд утсаар асуудлаа  ний нуугүй ярьж байна, ялангуяа төрийн албан хаагчдын зан харилцаатай холбоотой гомдол их байна, үүний мөрөөр арга хэмжээ авч байгаа. Гэхдээ төрийн албан хаагчдыг  хэлмэгдүүлж болохгүй. Энэ утас маань 24 цагаар ажиллаж байгаа. Төрийн албан хаагчийн цаг баримтлахад анхаарч хурууны хээгээр цагаа бүртгүүлдэг болсон. Энэ бүхэн ард иргэд рүү чиглэсэн төрийн үйлчилгээг хүнд сурталгүй хүргэхэд чиглэж байна. 

Дараагийн зүйл бол сум хөгжүүлэх сан, Жижиг дунд бизнесийг дэмжих сан гэсэн ард иргэдийн дунд төдийлөн нээлттэй бус мэдээллүүдийг бүгдийг ил болгож байна. Энэхүү сангуудын нийт эргэлт 1,4 тэрбум төгрөг болсон байна. Саяхан энэ зээлийн асуудлыг хариуцсан зээлийн зөвлөлөө шинэчлэн  байгууллаа. Өнөөдөр эргэн төлөлт тааруу байгаа учир шинэ оны 1 дүгээр сарын 02-3 дугаар сарын 1-ний өдөр хүртэл “Бусдадаа боломж олгоё” гэдэг аянг зээлийн эргэн төлөлтөнд анхааран бусаддаа боломж олгох нөхцлийг бүрдүүлэхээр ажлаа эхлээд байна. 

Зээл олголтыг ил тод, жинхэнэ юм хийж ажлын байр, өрхийн  орлогоо нэмэгдүүлэх хүмүүст олгоно. Ингэхдээ багийн ИНХ дээр танилцуулагдсан төсөл зөвлөл рүү шийдүүлэхээр орж ирдэг тогтолцоог бий  болговол зээлийн чанар, иргэдийн хяналт ч сайжирна гэж  харж байгаа. Эдийн засгийн хямралтай нөхцөл байдалд хувийн хэвшилдээ бүх нөөц бололцоог нээх хэрэгтэй. Төсөл хөтөлбөрийн сангаас хичнээн төгрөгийг хэнд өгч байна, тэр хүн юу хийж байна гэдгийг ил тод болгоно. Үндсэндээ дарга нарт ойрхон байснаараа биш жинхэнэ юм хийх хүнийг багийн иргэдтэйгээ хамтран тодруулж, зээл олгодог тогтолцоог бий болгоно.  

Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар бус жилдээ нэгээс хоёр удаа сумын ИТХ-аараа хэлэлцдэг болж, газрыг ах дүү, танил тал, найз нөхдөдөө өгдөг гэсэн хардлагыг зогсооно. Энэ асуудлууд бол зөвхөн ажил хүлээн авсан нэг сар гаруйн хугацаанд шийдвэрлэхээр гарцыг хайж  байгаа  асуудлууд. “Ер нь  бол дарга хүн зовлон ярих гэж  биш, тулгамдсан  асуудлуудыг шийдвэрлэхээр томилогддог” гэж Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх танхимынхаа нэг сайдад хандан хэлж байсантай санал нэг байгаа.

- Хэрлэн сумын 2017 оны төсөв батлагдсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

- Хэрлэн сум ирэх онд орлого бүрдүүлэлтдээ онцгой анхаарч ажиллах үүрэг төлөвлөгөө хүлээж авсан. Зарлагын хувьд эмнэлэг, сургууль, төрийн үйлчилгээний байгууллагуудын тусгай зориулалтын шилжүүлгийн санхүүжилт бага зэрэг буурсан. Бидний гол санаа зовоож байгаа зүйл бол ОНХС-гийн хөрөнгө оруулалт буурсан явдал. 2013 онд манай аймагт 10 тэрбум төгрөг, Хэрлэн суманд 680 сая төгрөг ирж байсан бол 2017 онд ОНХС-гаас суманд 104,7 сая төгрөг төлөвлөгдсөн. 

- Үе үеийн Засаг дарга нар өөрсдийн гэсэн зарчим чиглэлийг илүүтэй хөгжүүлэхийг эрмэлздэг юм шиг санагддаг. Таны барьж ажиллах жанжин шугам юу байх вэ?

-Нэгдүгээрт төр хэдий мөнгө төгрөг хомс, боломж бололцоо тааруу байсан ч ил тод нээлттэй шударга байх ёстой. Эндээс гарч буй шийдвэрүүд, төр иргэдийн өмнө өөрийгөө  болон  өрх гэрээ аваад явах нөхцөл бололцоонуудыг тэгш эрхтэйгээр нээлттэй байлгах. Хоёрдугаарт дэлхийд ганц Чингис хотоо цэвэр цэмцгэр, хоггүй хот болгох. Гуравдугаарт Чингис хотоо орон сууцжуулах асуудал дээр анхаарлаа хандуулна. Дөрөвдүгээрт, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар  өрхийн  орлогыг бодитойгоор нэмэгдүүлсэн байх гэсэн зорилгыг өмнөө дэвшүүлсэн. Үндсэндээ сонгуулийн өмнө иргэдэд ийм ийм ажлуудыг хийнэ хэмээн амласан мөрийн хөтөлбөрийн  заалт  тус бүр хэрэгжих  ёстой. 

- Та ирэх 4 жилд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөөсөө товч танилцуулаач?

- 6 бүлэг, 12 дэд бүлэг, 190 заалттай мөрийн хөтөлбөрөө сумын ИТХ-аар хэлэлцүүлж батлуулсан. Үүнд Шударга, ил тод төрийн байгууллагатай хот, Эрүүл, боловсролтой хот, Төлөвлөлттэй, тохилог хот, Ажилтай орлоготой өрх, ногоон хөгжилтэй хот, Хөдөө аж ахуй, үйлдвэрлэл хөгжсөн хот, Аялал жуулчлал хөгжсөн хот болох зэрэг амьдралын хэмнэлүүдтэй холбоотой олон хөтөлбөрүүд байгаа. Ирэх 4 жилд том том бүтээн байгуулалт гэхээс илүүтэй хийх нөхцөл бололцоог нь нээж өгөх ёстой гэж бодож байна.

- Та өөрийн багаа хэрхэн бүрдүүлж байгаа вэ? Шинэ удирдлагууд халаа сэлгээ хийх болов уу гэсэн төрийн албан хаагчдын эмээлт их байна. Та ажил аваад хүн халсан уу, сольсон уу? 

- Мэдээж улс төрийн албан тушаал учраас ажлаа хүлээн аваад хамгийн түрүүнд орлогчоо сольсон. Одоо Хэрлэн сумын Засаг даргын орлогчоор М.Шүрэнцэцэг гээд аймгийн ИТХ-ын төлөөлөгч  ажиллаж байна. Мөн Хот тохижилтын дарга өөрөө өргөдлөө өгсөн учраас Г.Баатар гэж туршлагатай хүн томилогдсон. Өөр хүн солиогүй байна. Сумын ЗДТГ-ын  дарга хувийн асуудлаар  өргөдлөө  өгсөн учраас Г.Болдыг Тамгын  газрын  даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байгаа. Үнэхээр намын шахаагаар, танил талынхаа тусламжаар орж ирсэн, өөрөө чадваргүй, өгсөн үүрэг даалгаврыг цагт нь биелүүлдэггүй, шавхаад шавхаад юм гарахгүй, ирсэн тоотонд хариу өгсөн маягтай, даргыг аргалаад сурчихсан, шинэ юм санаж  сэтгэх  нь битгий хэл урдах  ажлаа ч олигтойхон хийдэггүй, хариуцсан ажил дээрээ өсөж дэвших сонирхол  эрмэлзлэл  байхгүй, иймэрхүү байдлаар төрийн ажлыг залгуулна гэж бодож байгаа хүмүүстэй хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ хэлж  байгаа.  Гэхдээ ийм хүн нь цөөхөн. Би гол нь ажилд  хандах  хандлага, чадварыг нь харах хэрэгтэй гэж бодож байна. Энэ нь иргэдэд төрийн  үйлчилгээг чанартай хүргэхэд, мөрийн  хөтөлбөрөө ажил хэрэг болгоход гол чухал нөлөөтэй асуудал. 

- Ярилцлагаа таны ажлын анхны гараанаас яг өнөөдрийн энэ албан тушаалд хүрсэн замналын талаар үргэлжлүүлье гэж бодож байна. Ер нь Ц.Идэрбат гэдэг хүнийг үргэлж хурцалж өнгөлж байдаг, урагш хөдөлгөгч хүч юу байдаг юм бол?

- Би 2003 онд сургууль төгсөж ирээд аймгийн МАН-ын хороонд улс төрийн ажилтнаар орж байсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл улс төрийн үйл хэрэгт зүтгэж явна. Энэ хугацаанд 13-15 томоохон сонгуульд оролцож, ялж ялагдахын зовлон, жаргалыг үзлээ. 2003 онд МАН маш хүчтэй байсан үе шүү дээ. Тэгэхэд 2004 оны УИХ-ын сонгуулиар 72-ийн бүлэг гучин хэд болтлоо буурахыг харлаа, энэ бол анхны ялагдал байсан. Дараа нь 2004 оны орон нутгийн сонгуульд МАН цөөнх боллоо. Тэр ялагдлаас ард түмний дүн гэдэг айхтар юм байна даа гэдгийг ойлгож байлаа. 2000-2004 он бол манай аймгийн хувьд хөгжлийн томоохон суурь тавигдсан он  жил  байлаа. Тийм ч  учраас бидний үеийн олон залуучууд аймагтаа  ажиллаж, амьдрах  шийдвэр  гарган сургуулиа төгсөөд нутагтаа  ирж  байсны нэг  нь би байсан.  

Хүний итгэлийг олно гэдэг их хэцүү. Итгэлийг дааж хадгалах түүнээс ч хэцүү. Ер нь асуудалд шударга хандаж, ард иргэдийнхээ талд байвал дэмжлэг бас ирдэг юм байна гэдгийг би өнгөрсөн гурван удаагийн аймгийн ИТХ-ын сонгуулиар өөр дээрээ харлаа. Ингээд бодоод үзэхэд миний өнөөдрийн зэрэгтэй яваа нь манай МАН-ын нийт гишүүд дэмжигчид болон ард иргэдийн маань дэмжлэг, надад өгсөн итгэл өнөөдрийн амжилтанд хүргэсэн. Би анх 2008 онд 27 настай байхдаа аймгийн ИТХ-ын төлөөлөгч тэргүүлэгч улмаар хотын  Засаг даргын  орлогч болж  байлаа. Ингээд миний сонгосон улс төрийн энэ амьдралд сонгуулийн циклээр савлагаатай 13 жил өнгөрч байна. Энэ хугацаанд би намынхаа үйл  хэргээс ялсан ялагдсан ч  алхам ч хөндийрсөнгүй явна даа.

- ИТХ-ын туршлагатай төлөөлөгч, тэргүүлэгч хүн Чингис хотын захирагчийн албанд томилогдоно гэдэг сайн хэрэг. Та энэ давуу талаа юун дээр түлхүү гаргаж, ашиглаж ажиллах вэ?

-Гол нь иргэдэд амласан амлалтуудаа хэрэгжүүлэхэд Аймгийн бодлоготой хөл нийлүүлэх ёстой. Үүн дээр төлөөлөгч, тэргүүлэгчийн хувьд аль аль шатанд нь үгээ хэлээд явах ийм боломж бололцоо дүүрэн байна. Аймгийн Засаг  дарга Н.Ганбямба дарга ч Хэрлэн сум Чингис хотын  асуудал  дээр маш  сайн  дэмждэг. Энэ нь өнгөрсөн 4 жил  намын  дарга, дэд даргаар хамтран  гар сэтгэл  нийлэн  ажиллаж  байсны үргэлжлэл гэж харж  байгаа. 

- Гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ямар ажил санаачилж хийх вэ? Хэрхэн аюулгүй амар тайван байдлыг хангаж ажиллах вэ?

- Эхлээд хөдөлгөөний аюулгүй байдал дээр анхааръя, манай Чингис хотод “эр зориг”-ийн уулзварууд их байна шүү дээ. Тэр хэрээрээ осол аваар их гарч байна. Тэгэхээр нэгдүгээрт зам нэмэгдэхийн хэрээр тэрэнд зориулагдсан тэмдэг тэмдэглэгээний бүрэн гүйцэд байдлыг хангах хэрэгтэй байна. Хоёрдугаарт архидалт ахуйн хүрээнд их байна. Энэ байдалд бид бүхэн Цагдаагийн газартайгаа хамтарч ажиллана. Үүн дээр “Сайн хөрш”-ийн хөтөлбөр, гэр хорооллыг камержуулахаас эхлээд олон асуудлыг тусгасан байгаа. Гуравдугаарт Чингис хотод нийтээр дагаж мөрдөх дүрэм журмын биелэлтэнд анхаарах цаг хэдийнээ болжээ. Тэгэхгүй бол иргэдийн хурлаар батлаад хэрэгжилт нь хаягдаад байна, тиймээс иргэддээ сурталчлах, хэрэгжүүлэх тал дээр анхаарна.

- Ард иргэддээ хандаж ямар уриалга, санал дэвшүүлэх вэ? 

- 2017 онд Хэрлэн сум Чингис хот ард иргэдийнхээ өмнө асуудлыг нээлттэй ярьдаг, бодлогоо тодорхойлдог, хэрэгжүүлдэг, цэвэр цэмцгэр, өрхийн амьдралыг дээшлүүлэхийн төлөө олон олон алхмуудыг хийсэн хот болно гэдгийг хэлэх байна. Гагцхүү сум, хотын хөгжлийн төлөө ард иргэд Та бүхний оролцоо дэмжлэг бодитой гол хүчин зүйл шүү гэдгийг хэлмээр байна. Мөн бүгдээрээ хамтраад гаргасан шийдвэрээ хэрэгжүүлдэг санаачлагатай байх ёстой. Ингэж нэгдэж чадвал хамтдаа хөгжих боломж бололцоо бүрэн дүүрэн бий. Шинэ он бид бүхнийг шинээр нээнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

- Таны итгэл хүсэл бүхэн биелэх болтугай. Баярлалаа.

Д.Одонтунгалаг

 

Холбоотой мэдээ