Шинэ Үндсэн хууль батлалцсан ахмадууд 25 жилийн ойдоо оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-01-10 13:24:26

Шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг угтан Увс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Х.Дашзэвэг нутгийн ард түмнээ төлөөлөн тус хуулийг батлалцаж явсан ахмад буурлуудыг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Энэхүү уулзалтад Хөдөлмөрийн баатар Б.Жанцансамбуу болон П.Бямбажав, Ш.Бороодой, Р.Батсүх нар хүрэлцэн ирсэн юм. Шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн батлах Ардын их хуралд Увс аймгаас 21 төлөөлөгч сонгогдон оролцож байжээ. Тэдгээрээс зарим нь Улаанбаатар хот болон бусад аймаг хотуудад амьдарч байгаа бол бас бус нь хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

Төрөлх аймагтаа энх тунх амьдарч байгаа эдгээр хүмүүсийг энэ сарын 13-нд тохиох Шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд оролцохоор Улаанбаатар хот руу ирж очих унааны зардлыг аймаг орон нутгийн зүгээс шийдвэрлэж өгсөн байна.

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг 1991 оны сүүлчээр БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаанаар 430 депутат хоёр сар гаруйн хугацаанд буюу нийт 76 хоног цэц оюунаа шавхан хэлэлцэж, шүүн тунгаасан билээ. БНМАУ-ын Ардын Их Хурлын хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай” хууль баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон байдаг.

Б.Батхүү

Холбоотой мэдээ