Гадаадынхан рублийг их хэмжээгээр худалдан авч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
adiyakhuu@montsame.mn
2017-01-10 11:45:46

МОСКВА./TASS/. Шинэ оны эхний өдрүүдэд Оросын рублийн ханш огт санамсаргүйгээр чангарч эхэллээ. Баярын өдрүүдэд долларын ханш 60 рублиэс доошилж, гадаадынхан рубль болон нефтийн үнийн өсөлтийг илт сонирхох болов. Ингэснээр рублийн ханш сүүлийн хоёр жилийн хугацаан дахь хамгийн өндөр түвшинд хүрлээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар, ойрын саруудад рублийн ханш 57-55 рубль/доллар болон чангарч магадгүй аж. Энэ нь эдийн засаг тогтворжиж, хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдсэнтэй холбоотой.

Москвагийн бирж уламжлал ёсоор баярын өдрүүдэд ажиллалаа. Тухайлбал, 6-ны өдрийн арилжаагаар нэг доллар 59,6 рубльтэй тэнцэж байв. Тэгвэл 12 дугаар сарын 30-нд ханш 61,3 рубль/долл. байсан юм. Валютын арилжаанд оролцдог Оросын тоглогчид энэ өдрүүдэд идэвх султай байдгийг ашиглан гадаадынхан идэвхжиж байна. Гадныхан рублийг голдуу зардаг байсан бол одоо худалдан авсаар байгаа юм. Энэ бол тун санамсаргүй хандлага билээ. Учир нь, 12 болон 1 дүгээр саруудад рублийн ханш сулардаг нь бараг уламжлал болж тогтжээ.   

Рублийн ханш чангарч байгаа нь Д.Трамп засгийн эрхийг авсныхаа дараа Оросын эсрэг авсан хориг хэмжээг цуцалж магадгүй гэсэн таамагтай холбоотой.

Харин рубль чангарах нь Сангийн яам болон Төвбанкны хувьд асуудал үүсгэж байна. Тодруулбал, рублийн ханш хэт чангарах аваас экспортоос төсөвт орох мөнгөний хэмжээ буурах юм. Гэхдээ ханш 55-60-ын хооронд байвал эдийн засгийн хувьд боломжийн гэж шинжээчид үзэж байна. Харин нефтийн үнэ одоогийнхоороо хэвээр байгаа үед долларын ханш 55 рублиэс доошилсон тохиолдолд засгийн газар болон Төвбанкнаас арга хэмжээ авч эхлэх болов уу. Үүссэн нөхцөл байдлыг ашиглаад Төвбанк валютын нөөцөө нэмэгдүүлэх арга хэмжээ авах байх. Тус банк нөөцөө 500 тэрбум долларт хүргэх зорилт тавиад байгаа юм.

“Роснефть”-ийг хувьчилсан нь рублийн ханш чангарахад нөлөөлөөгүй гэдэгтэй “Известия” сонины санал асуулгад оролцсон эдийн засагчид бүгдээрээ санал нэг байна. “Роснефть”-ийн хувьцааны 19,5 хувийг хувьчилснаас орох 10,2 тэрбум еврогийн орлогыг хүлээн авсан гэдгээ Өнгөрсөн оны 12 дугаар сарын дундуур Сангийн яам мэдэгдсэн юм. Хувьцааг зарснаар Оросын зах зээлд их хэмжээний валют орж ирэх тул рублийн ханш тогтворгүй болно гэж зарим шинжээчид болгоомжилж байсан билээ. Гэвч ийм явдал болсонгүй.  

Түүний сацуу нефтийн үнэ өсч байгаа нь рублийн ханшид шийдвэрлэх нөлөө үзүүлээгүй боловч ханш тогтворжиход дэм боллоо. Энэ сарын 8-ны өдөр Саудын Арави, Ирак, Кувейт, Оман зэрэг орнууд нефтийн олборлолтоо бууруулсан тухай мэдээ ирсэн нь олборлогч орнуудын үндэсний валютын ханш чангарахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн нь мэдээж.

Промсвязьбанк-ны шинжээч М.Поддубский-гийн таамагласнаар, оны эхний хагас жилийн хугацаанд ханш 57-58 рубль/доллар байх төлөв харагдаж байна.  Харин Оросын дотоодын нөхцөл байдал болон дэлхий дахинд шинэ сорилтууд тулгарах аваас ханш 62-63 рубль/доллар болж өсч магадгүй юм.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ