Умард Солонгост хаана ч чагнах төхөөрөмж суурилуулсан байх магадлалтай гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-01-08 16:14:52

СӨҮЛ. /Yonhap/. Удирдагч Ким Жөн Уны эсрэг зүйл ярьж, гомдоллож байгаа нь чагнах төхөөрөмжид бичигдсэний дараа буюу 2012 онд Умард Солонгосын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга асан Ри Ён Хо-г цаазаар авсан тухай тус улсаас зугтаж Өмнөд Солонгост ирсэн нөлөө бүхий албаны хүн өнөөдөр мэдэгдлээ.

Өнгөрсөн онд Өмнөд Солонгост зугтаж ирсэн Умард Солонгосын дипломатч асан Тэ Ён Хо “Yonhap” агентлагт мэдэгдэхдээ “хаана ч чагнах төхөөрөмж суурилуулсан байх магадлалтай учир Умард Солонгосын албаны хүмүүс ярьж хэлэхдээ хэзээд болгоомжтой ханддаг. Ри Ён Хо-г ч чагнах төхөөрөмжөөр тандсаны дараа цаазаар авсан” гэжээ.

Түүний хэлснээр, шинэчлэлт хийнэ гэсэн Ким Жөн Уны амлалтын талаар Ри Ён Хо яриад, “залуу удирдагч юу ч мэдэхгүй” гэж хэлсэн нь чагнах төхөрөөмжид бичигджээ.

Өмнөд Солонгосын тагнуулын албаныхны мэдэгдсэнээр, Умард Солонгосын удирдагч агсан Ким Жөн Ирийн үед Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилогдож байсан Ри Ён Хо-г залуу удирдагч Ким 2012 оны долдугаар сард огцруулсан юм. Ри Ён Хо-г цаазаар авсан гэсэн мэдээлэл баттай үнэн эсэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байсан ч дипломатч Тэ Ён Хо-гийн мэдэгдэл таамгийг нотолж өглөө.

Ким Жөн Ун 2011 оны сүүлчээр төрийн эрхэнд гарснаасаа хойш цэрэг, нам болон засгийн газрын 100 гаруй албаны хүн, тэдний дотор цагтаа нөлөө бүхий байсан авга хүргэн ах болох Жан Сон Тэкийг 2013 онд цаазаар авсан билээ. Умард Солонгосын Батлан хамгаалахын сайд асан Хён Ён Чолыг мөн дээрхтэй адил шалтгаанаар 2015 оны дөрөвдүгээр сард цаазаар авсан ажээ.

Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 8 бол Ким Жөн Уны төрсөн өдөр. Гэхдээ түүний төрсөн он нь тодорхойгүй. 1982 эсвэл 1984 онд төрсөн байх магадлалтай гэсэн таамаг бий.

Дипломатч Тэ хэлэхдээ “хэрвээ Ким яг хэдэн онд төрсөн нь олон нийтэд мэдэгдвэл өөрөөс нь 30-40 насаар ах хүмүүстэй харьцахад түүнд асуудал тулгарч магадгүй юм" гээд “гэхдээ Ким Жөн Ун бол Умард Солонгосын хамгийн нөлөө бүхий хүн. Наснаас нь болоод түүний эрх барих чадварт албаны хүмүүст эргэлзэх зэрэг асуудал бараг үүсэхгүй байх” гэжээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ