Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-01-07 12:30:15

УИХ-ын чуулганы ирэх долоо хоногийн хэлэлцэх асуудлын тов гарлаа.

Ирэх долоо хоногт УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх нь. Энэ долоо хоногт тус хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж дэмжээд буй.

Мөн хуваарьт Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга орж ирсэн байна. Үүний зэрэгцээ Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг  хийх юм. Тус хуульд эрүүлжүүлэх байрыг эмнэлгээс салгаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэх асуудлыг тусгажээ.

Түүнчлэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай, Арбитрын тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөгжлийн банкны тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай, Донорын тухай, Хог хаягдлын тухай зэрэг хууль тогтоолын төслийг хэлэлцэхээр болжээ.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ