Улаанбаатарт шинээр 6 хагалбар газар бүртгэгдсэн гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-01-06 16:42:05

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Гамшгаас хамгаалах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ын хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хуулинд өөрчлөлт оруулах шаардлага юу байв, газар хөдлөлтийн идэвхжил хэр түвшинд хүрсэн, гамшгийн эрсдлийг хэн тодорхойлохоор хуулийн төсөлд тусгасан, ард иргэдэд сургалтыг далайцтайгаар зохион байгуулж чадаж байгаа эсэх зэрэг асуудлыг тодрууллаа.

Ерөнхийлөгчийн хүний эрх,хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, "Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль нь гамшиг үүссэн тохиолдолд авч хэрэгжүүлэх арга хэмжээг зохицуулсан байдлаар батлагдсан. Тиймээс гамшгийн эрсдлийг хэрхэн бууруулах асуудлыг хуулийн төсөлд тусгасан юм. Мөн гамшиг тохиолдсон үед олон улсын байгууллагын тусламжийг хэрхэн хүлээж авах вэ гэх зэрэг асуудлыг давхар оруулж өгсөн" гэсэн хариултыг өгсөн.

Харин ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, "Эхлээд улсын хэмжээнд сүүлийн 2 жилд бүртгэгдсэн статистикийг хэлье. Зургаан жилийн өмнө улсын хэмжээнд чичирхийлэл болон газар хөдлөлт 600 байсан бол өнгөрсөн онд 2600 болж нэмэгдсэн. Судалгаагаар Улаанбаатар хотод урьд нь бүртгэгдээгүй 6 хагалбар газар бүртгэгдсэн байна. Эрсдэлийн үнэлгээг хийнэ гэж өмнөх хуулинд зааж өгсөн бол шинэ хуулинд хэн эрсдлийн тооцоолох вэ гэдгээ оруулж өглөө. Өөрөөр хэлбэл, орон нутгийн засаг захиргаа, төрийн бус байгууллагууд эрсдэлийг тооцоолж, хяналтыг Онцгой байдлын байгууллага тавих юм. Гамшгийн сургалтыг таван төрлөөр явуулдаг ба түүний нэг нь ард иргэдийн сургалт юм. Нийслэлд гамшгийн сургалтын төв байгуулсан. Цаашид төвлөрсөн газруудад үе шаттай байгуулна" гэсэн нэмэлт тайлбарыг хийлээ.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа сүүлийн үеийн барилгууд газар хөдлөлтийн тэсвэрлэх шаардлагыг хангаж байна уу, шаардлагатай тоног төхөөрөмжийн хүрэлцээ ямар байгааг лавлав. Эл асуултад ажлын хэсгийн зүгээс, "Газар хөдлөлтийн тоног төхөөрөмжийн асуудал дээр учир дутагдал бий. Шинэчлэх тухай асуудлыг холбогдох газар нь хандаж тавьсан. Сүүлийн үед Ерөнхийлөгч болон байнгын ажиллагаатай зөвлөлөөс цэцэрлэг сургуулийн барилгууд дээр эрсдлийн үнэлгээ хийхээр төлөвлөсөн. Одоогоор Эрдэнэт, Дархан аймгийг аюулгүй хот болгохоор ажиллаж байна" гэсэн хариултыг өгч байв.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Б.Туул

 

Холбоотой мэдээ