Ж.Эрдэнэбат: Хүнсний бүтээгдэхүүний импортын хэмжээ Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2017-01-06 16:25:17

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Хүнсний хангамж нь улс орны болон хүн амын эрүүл, аюулгүй байдалтай холбоотой нэн чухал асуудал юм. Монголчууд хүнсэндээ мах махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүн, төрөл бүрийн будаа, сахар, чихрийн зүйл, төмс, хүнсний ногоо болон жимс жимсгэнэ, буурцагт ургамал, өндөг, хүнсний тос гэсэн 13 нэр төрлийн бүтээгдэхүүн хэрэглэдэг байна. Тухайлбал жилд 182.2 мянган тонн мах, 91.1 мянган тонн гурил, 127.6 мянган тонн төмс, 182.2 мянган тонн хүсний ногоо зэргийг хэрэглэдэг аж. Монгол Улс 2016 онд дотооддоо 398.1 мянган тонн мах, 474.2 мянган тонн сүү, 60 мянган тонн гурил, 163.8 мянган тонн төмс болон 1.6 мянган тонн хүсний тос, 72.3 мянган тонн хүсний ногоо үйлдвэрлэсэн байна. Энэ нь хүнсний гол нэрийн найман бүтээгдэхүүний 78 хувийн үйлдвэрлэсэн үзүүлэлт аж. Үлдсэн 22 хувийг импортоор хангадаг байна. Харин 2017 онд төмс, хүнсний ногоо, гурилыг 100 хувь дотоодоос хангах боломжтой гэсэн тооцоолол гарсан гэдгийг Ерөнхий сайд мэдээллийнхээ эхэнд онцлов.

Тэрбээр, “2017 онд 11.6 сая мал буюу 289 тонн мах үйлдвэрлэх боломжтой байна. Хүн амын жилийн хэрэгцээ 182.2 мянган тонн гэж тооцвол үлдсэн 107 мянган тонныг экспортод гаргах боломж бүрдэнэ. Мөн 6.9 сая малын мах нэмж бэлтгэн экспортлох боломж бий. Түүнчлэн ирэх онд 293.4 мянган тонн гурил үйлдвэрлэхэд 314.8 мянган тонн улаан буудай шаардлагатай. Урьдчилсан блансаар энэ онд 431.9 мянган тонн улаанбуудай хураан авах төлөвтэй байгаа бөгөөд үүнээс 45.5 мянгыг нь ирэх оны тариалалтын үрэнд зориулан хадгалана. Тэжээл болон спиртын үйлдвэрлэлд 25.1 мянган тонныг зарцуулна гэж тооцвол 361.3 мянган тонн буудай үлдэж байгаа юм. Үүгээр дотоодын хэрэглээгээ бүрэн хангах боломжтой” хэмээв.

Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр Монгол Улсад 753 стандарт үйлчилж байгаа бөгөөд үүнээс 379 нь заавал мөрдөх зохицуулалттай байгаа юм. Харин үлдсэн хэсэг нь заавал мөрдөх шаардлагагүй, зөвлөмжийн шинж чанартай аж. Хүнсний бүтээгдэхүүнд сорилт, шинжилгээ хийх эрх бүхий 65 итгэмжлэгдсэн лаборатори үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд лабораториудын хүний нөөцийн чадавхыг сайжруулах чиглэлд анхаарч ажиллахаа онцолсон.

Өнгөрсөн онд Мэргэжлийн хяналтын байгууллагаас 468 хүнсний үйлдвэр, цех, 1100 хүнс худалдаалах газарт шалгалт хийжээ. Шалгалтын дүнгээр хүнсний үйлдвэр, цехүүдийн 11 хувь нь эрсдэл ихтэй, 57 хувь нь дунд, 32 хувь нь эрсдэлгүй гэсэн үнэлгээ авчээ. Дээрх үйлдвэр, цехийн барилга байгууламжийг мэргэжлийн зураг төслөөр хийгээгүй, ажлын байрны эрүүл ахуй, ариун цэвэр, агааржуулалт нь стандартын шаардлага хангаагүй, ажилтнуудаа тогтмол эрүүл мэндийн үзлэгт хамруулдаггүй зэрэг зөрчил илэрсэн байна. Харин хүнс худалдаалах газруудын 41 хувь нь бага, 52 хувь нь дунд, 7 хувь нь их эрсдэлтэй байжээ. Үүнд хүнс борлуулах газруудын 61 хувь нь бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэдэггүй, 55 хувьд хадгалалтын горим алдагдсан, хадгалах хугацаа дууссан, төвлөрсөн шугам, сүлжээнд холбогдоогүй зэрэг зөрчилтэй байгаа нь хүсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна хэмээн үзсэн байна. Хүнсний тухай хуулийн дагуу холбогдох байгууллагууд төрийн хүнс хангамжийн сүлжээнд эрүүл, зохистой дадал хэрэгжүүлэх чиглэлээр аж ахуйн нэгж, иргэдэд сургалт зохион байгуулах үүрэг хүлээдэг. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд дээрх үүргийг хүнсний салбарт үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудад шилжүүлэх, чадавхыг бэхжүүлэх бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Иргэдийн хүнс хангамжийг сайжруулах зорилгоор “Намрын ногоон өдрүүд”, “Органик хүнс, хөдөө аж ахуйн чуулган”, “Сүү үйлдвэрлэл-Тогтвортой хөгжил” чуулган, “Баяжуулсан хүнс-Эрүүл мэнд” хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх аж. Мөн хүнсний аюулгүй байдал болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, Баяжуулсан хүнсний тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлэх, “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх, “Мах, сүүний анхдугаар аян” зохион байгуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хүн амын мэдлэгийг дээшлүүлэх, аж ахуйн нэгжүүдийг хүнсийг технологийн дагуу хадгалах агуулах, стандартын дагуу тээвэрлэх автомашинтай болгох чиглэлд анхаарч ажиллахаа Ерөнхий сайд хэллээ.

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулав.

АН-ын санал, дүгнэлтэд Улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын нэг үзүүлэлт нь өөрийнхөө хүн амын хүнсний хэрэгцээг хангах чадавхи нь хангамжийн баталгаа болдог. Монгол улс Хүнсний тухай хуулийг 2012 онд шинэчлэн баталж, Хүнсний аюулгүй байдлын тухай, Усны тухай хуулийг баталж, 2012-2016 онд Хүн амын хоол тэжээл үндэсний хөтөлбөр, Ногоон хувьсгал үндэсний хөтөлбөр,  "Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр, "Мах", “Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр зэрэг олон арван төсөл хэрэгжүүлсэн. Хүнсний салбарын эрдэмтэн, судлаачдын судалгаа, шинжилгээний ажлын үр дүнд үр тарианы 96,  төмсний 14, хүнсний ногооны 39, жимс жимсгэний 16 сорт гаргаж баталгаажуулсан. “Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд жил бүр Улаанбаатар хотын жилийн нийт махны хэрэгцээний 16.2 хувийг нөөцөлж, үнэ тогтворжуулж байсан зэргийг дурьджээ. Мөн дээрх хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжтой гэдгийг онцлон тэмдэглээд хүнсний 13 гол нэрийн бүтээгдэхүүнийг дотоодоос бүрэн хангадаг болох, эдийн засгийн тогтворгүй байдал, гамшгийн үед хэрэглэх хүнсний нөөцийг нэмэгдүүлэх, хүн амын хоол тэжээлийн дуталыг бууруулахад анхаарч ажиллах шаардлагатай гэжээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Монгол Улс 1990 онд 25 сая малтай байсан бол эдүгээ 70 сая болсон. Тиймээс махны экспортыг нэмэх болон малын өвчлөлийг бууруулах хэрэгтэй. Энэ чиглэлд чиглэлд ямар үйл ажиллагаа явуулах вэ хэмээн тодруулав.

Зөвхөн махны бус малын гаралтай бусад түүхий эдийг экспортлох нь малын эрүүл мэндтэй шууд холбоотой. Тиймээс нэн тэргүүн малыг эрүүлжүүлэхэд анхаарах хэрэгтэй гэдгийг Ерөнхий сайд хэлээд, “2016 онд Засгийн газар байгуулагдахад малын цэцэг өвчин дэлгэрсэн байсан. Тиймээс ОХУ-аас вакциныг 3 дахин хямд үнээр авч, вакцинжуулалт хийсэн байна. Энэ хавраас БНХАУ, ОХУ руу мах экспортлох ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.

Хүнсий хэрэглээнийхээ 30 орчим хувийг нэг орноос импортолдог улсын хүнсний аюулгүй байдал алдагдсан гэж үздэг гэдгийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа хэлээд, “Монгол Улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 70 хувийг нэг улсаас буюу БНХАУ-аас импортолж байгаа. Энэ Засгийн газрын үед импортыг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ” гэв..

Ерөнхий сайд, “Хүнсний бүтээгдэхүүний импорт Үндэсний аюулгүй байдал алдагдах хэмжээнд хүрээгүй. Дотооддоо үйлдвэрлэх боломжгүй чихэр, чихрэн бүтээгдэхүүнийг 100 хувь, жимс, жимсгэний 95 хувийг л импортолж байгаа. Бусад өргөн хэрэглээний барааг дотооддоо үйлдвэрлэж байгаа. Тухайлбал, мах, төмс, гурилыг 100 хувь, хүнсний ногооны 78 хувийг дотоодоос хангаж байна” хэмээв.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ