Галд шатдаггүй, усанд нордоггүй цаас гарган авчээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
dorjkhand@montsame.mn
2017-01-06 15:36:14

ШАНХАЙ./TASS/. Хятадын эрдэмтэд гал, усанд тэсвэртэй цаас гарган авсан тухай “Шанхай жибао” сонинд бичжээ.

Ийм төрлийн цаас дэлхийд өөр хаана ч байхгүй юм. Уг цаасыг гарган авах туршилт судалгааны ажлыг Хятадын ШУА-ийн дэргэдэх Шанхай хотын керамикийн хүрээлэнгийн профессор Жу Инжэ-гийн удирдсан эрдэмтдийн баг гүйцэтгэжээ. Тэд өөрсдийн гарган авсан шинэ материалд патент авахаар өргөдлөө гаргасан байна.

Энэхүү органик бус цаас нь бат бөх, уян хатан бөгөөд механик үйлчлэлд тэсвэртэй аж. Зохион бүтээгчдийн ярьснаар, шинэ төрлийн цаас нь цельсийн 200 градусын халууныг даах ба сүү, кофе, ундаа, цай зэргийг дээр нь асгасны дараа ямар ч ул мөр үлддэггүй гэнэ.

Шинээр гарган авсан материалыг янз бүрийн зориулалтаар тухайлбал, маш чухал баримт бичгүүдийг хадгалах, гудамжинд байгаа зар сурталчилгааны самбар зэрэгт ашиглаж болох аж.

Г.Доржханд  

Холбоотой мэдээ