Байгалийн гамшгаас үүдэн 175 тэрбумын хохирол учирчээ

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2017-01-06 11:33:40

БЕРЛИН. /VOA/. Өнгөрсөн онд дэлхий дахинд болсон байгалийн гамшгууд нь нийт 175 тэрбум долларын хохирол учруулсан байна. Энэ нь 2012 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм гэж Германы “Munich Re” даатгалын компани мэдээлэв.

Энэ нь өмнөх оныхоос 2/3-оор өссөн үзүүлэлт юм. Харин байгалийн гамшгийн улмаас амь насаа алдсан хүмүүсийн тоо 2015 оноос /25 400/ харьцангуй цөөн буюу 8700 байна гэж мэдээлэлд дурджээ.

Ази тивд болсон хамгийн хохирол ихтэй байгалийн гамшиг бол Японд болсон хоёр удаагийн газар хөдлөлт юм. Энэ гамшгийн улмаас 31 тэрбум долларын хохирол учирсан бол Хятадад болсон үер 20 тэрбум долларын хохирол учруулжээ.

Харин Хойд Америкт өнгөрсөн онд 160 удаа байгалийн гамшиг тохиосон нь 1980 оноос хойших хугацаанд ганцхан жилийн дотор хамгийн олон удаа байгалийн гамшиг болсон тохиолдол байлаа. Хамгийн их хохирол учруулсан нь “Мэттью” хар салхи бөгөөд зөвхөн Гаитид гэхэд 550 хүн амиа алдаж, 10 тэрбум долларын хохирол учирсан байна. Мөн АНУ, Канадад асар өргөн хэмжээний ой хээрийн түймэр гарч, үер буужээ.

Тэгвэл өнгөрсөн онд Европт хэд хэдэн хар салхи гарч, 6 тэрбум долларын хохирол учруулсан байна. 2016 онд учирсан эдийн засгийн хохирлын 34 хувь нь үерээс үүдэлтэй ажээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ