Сайн дурын даатгал төлөгчид 28 мянга 800 төгрөг төлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2017-01-04 09:05:57

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг болсонтой холбогдуулан Сайн дурын даатгал төлөгчид гэрээгээ шинэчлэх шаардлагатай гэдгийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар (ЭМНДЕГ)-аас мэдэгдэв.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг байхад 23 мянга 40 төгрөг сайн дураараа төлж байсан даатгуулагчид энэ сарын 01-нээс 28 мянга 800 төгрөг төлөх болсон. Тиймээс сайн дураараа даатгал төлөгчийг харьяа аймаг, сум, дүүргийнхээ ЭМНДХ-т хандаж гэрээгээ шинэчлэн байгуулах шаардлагатай болж байгаа юм.

Сайн дурын даатгалд хамарснаар өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, жирэмсний болон амаржсаны, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, оршуулгын тэтгэмж, сувилалын хувьсах зардал зэргийг авах боломж бүрдэнэ. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн онд 94 мянга 515 иргэд сайн дурын даатгалд хамрагдсан бөгөөд жил ирэх тусам тогтвортой өсч байна. Энэ нь иргэдийн сайн дурын даатгалын ач холбогдлын тухай мэдлэг дээшилж байгааг илтгэж байгаа юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ