Засгийн газарт агаарын бохирдлыг бууруулах чиглэл өгнө

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2017-01-03 17:55:58

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, Засгийн газарт агаарын бохирдлыг бууруулах чиглэл өгөх талаар хэлэлцэв.

Тус байнгын хорооноос өнгөрсөн сарын 27-нд “Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зөвлөмж боловсруулж Засгийн газарт хүргүүлэх болжээ. Харин Өргөдлийн байнгын хорооны зүгээс Засгийн газарт зөвхөн зөвлөмж хүргүүлэх бус албан ёсоор чиглэл өгөх ёстой байна. Тиймээс хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжид тулгуурлан чиглэл боловсруулсан гэдгийг байнгын хорооны дарга Д.Сарангэрэл хуралдааны эхэнд тэмдэглэв.

Тэрбээр, “1990 оноос хойш Улаанбаатар хотын агаарын бохирдол эхэлсэн бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам нийслэлээс хальж, зарим аймаг, орон нутгийн тулгамдсан асуудал болоод байгаа юм. Улаанбаатарт агаарын бохирдол хүлцэх түвшнээс хэдийнэ хальж, дэлхийн дунджаас даруй 5-6 дахин их байна. Түүхий нүүрсийг угааж буюу хагас боловсруулан хэрэглэснээр агаарын бохирдлыг хоёр дахин багасгадаг гэдгийг эрдэмтэд нотолсон байдаг. Өнөөдрийн байдлаар Герман улс нүүрсээ 100 хувь, Англи 95 хувийг нь угааж байгаа бол Монгол дотооддоо 100 хувь түүхийгээр нь хэрэглэж байгаа юм. Нийслэлийн гэр хорооллын өрхүүд жилд дунджаар нэг сая тонн нүүрс, 100 тонн төрөл бүрийн мод болон бусад төрлийн нүүрс хэрэглэдэг.

Нийт утааны 80 гаруй хувь нь гэр  хорооллын айл өрхийн нүүрсний хэрэглээнээс, үлдсэн 20 хувь нь авто машины шатах, тослох материал болон бусад шалтгаанаас үүдэлтэй гэж үздэг. Түүхий нүүрсний хэрэглээ, авто машины түлшний дутуу шаталт, үйлдвэрийн болон барилгын тоосжилт зэргээс үүсдэг PM 2.5 буюу үл үзэгдэгч тортог, хүнд металлтай барьцалдан амьсгалын замын эрхтэнүүдээр дамжин хүний биед нэвтэрч, уушгийг гэмтээж, улмаар зүрхний цусан хангамжийн дутагдалд оруулж, амь насанд аюул учруулдаг. Агаарын бохирдлын оргил үе эхэлсэнтэй холбогдуулан хүүхдүүд ханиад, томуугаар өвдөж, 100-150 хүн хүлээн авах хүчин чадалтай Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт өдөт 300 орчим хүүхэд үзүүлж байгаа юм” хэмээв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулахад хэдэн төгрөг зарцуулсан талаар тодруулав. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгээс 2011-2015 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 132 тэрбум төгрөг зарцуулсан гэдгийг хэллээ. Уг хөрөнгийн 90 хувийг  сайжруулсан түлш болон зуух тараахад зориулжээ.

Мөн УИХ-ын гишүүн Ё..Баатарбилэг агаарын бохирдолтой тэмцэх талаар олон жил ярьж байгаа ч тодорхой амжилтад хүрэхгүй байгааг шүүмжлээд, “Агаарын бохирдлын эсрэг өнөөдөр ямар ажил хийх вэ, ойрын 3-4 жилийн дотор ямар бодлого хэрэгжүүлэх, 2030 он хүртэл юу хийх вэ гэдгээ нарийн тодорхойлох хэрэгтэй” гэлээ. Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг тэглэх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг аймгийн төвүүдэд хэрэгжүүлэх боломж бий юу хэмээн тодруулсан. Ажлын хэсгээс аймгийн төвүүдийн цахилгааны шөнийн тарифыг тэглэх асуудлыг судалж байгаа гэсэн хариулт өглөө.

Мөн гишүүдийн зүгээс нүүрсний боловсруулалтыг сайжруулах, био түлшний үйлдвэрлэлийг дэмжих, агаар цэвэршүүлэгч, маск зэргээр айл өрхүүдийг хангахад төрийн зүгээс бодлогоор дэмжих, агаарын бохирдлыг бууруулахад иргэд ямар үүрэгтэй байх талаар соён гэгээрүүлэх үйл ажиллагаа зохион байгуулах зэрэг санал хэлсэн. Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээнээс дизель түлшээр ажилладаг, утаа их ялгаруулдаг автобуснуудыг хасч, цахилгаан болон хийгээр ажилладаг тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх боломжийг судлах зэрэг санал гаргав.

Ийнхүү Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төсөлд гишүүдийн саналыг тусган, ойрын хугацаанд хүргүүлнэ гэдгийг Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл хуралдааны төгсгөлд хэллээ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ