Ассанжийг ЭСЯ-наас түр гаргахыг Их Британиас хүсчээ

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2015-10-15 15:03:23

МЕХИКО. /RIA Novosti/. Эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байгаа учир “WikiLeaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжийг түр хугацаагаар гаргах хүсэлтийг Эквадорын эрх баригчид Их Британид тавьжээ. Энэ тухай Эквадорын Гадаад хэргийн сайд Рикардо Патиньо мэдээлсэн байна.

“Түүний баруун мөр нь өвдөөд гурван сар болж байгаа бөгөөд томографийн зураг авахуулах шаардлагатай байна” гэж Патиньо мэдэгджээ.

Патиньогийн хэлснээр, энд Ассанж Лондон хот дахь Эквадорын Элчин сайдын яамнаас /ЭСЯ/ эмнэлэгт очоод буцахдаа баривчлагдах эрсдэлгүй байх ёстой тухай яригдаж байгаа аж. Ассанж унахдаа бэртэл авсан бололтой. “WikiLeaks”-ийг үндэслэгч Эквадорын ЭСЯ-нд орогноод хэдийн гурван жил болж байгаа билээ.

“Гэхдээ бид Их Британийн эрх баригчдаас Ассанж шаардлагатай эмнэлгийн тусламж авахын тулд хэдийд ч хамаагүй ЭСЯ-наас гарах боломжтой гэсэн хариуг авсан боловч түүнийг баривчлах тухай Европын зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа учраас тэр яамнаас гарч болох боловч баривчлагдаж магадгүй” гэж Эквадорын Гадаад хэргийн сайд онцлон тэмдэглэжээ.

Тэрбээр мөн Шведийн шүүх байгууллагуудын төлөөлөгчид Ассанжийн хэргийг судлахаар ирэх сард Эквадорт ирэх ёстойг мэдээлсэн байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ