Баярын өдрүүдэд ЯТТ утсанд нийт 279 дуудлага иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВӨнгөрсөн баярын амралтын өдрүүдэд Төв аймгийн яаралтай түргэн тусламжийн утсанд нийт 279 дуудлага ирснээс 69 хувийг хүүхдийн дуудлага эзэлсэн бөгөөд үүнээс 35 хувийг томуу томуу төст өвчин түүний хүндрэл эзэлж байсан гэдгийг Төв аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Яаралтай Түргэн тусламжийн тасгаас мэдээллээ.
Эдгээр амралтын өдрүүдэд хоолны хордлогын дуудлага ирээгүй бөгөөд ганц нэг хямралын шинжтэй дуудлага ирсэн байна. Түргэн тусламжийн дуудлагаар ирсэн 174 иргэдээс халдвартын тасагт долоо, хурц халдварт өвчин хоёр, гэдэсний халдварт өвчин хоёр тус тус хэвтэн эмчлэгдэж байгаа аж. Мөн баярын үеэр Төв аймгийн Эрдэнэ, Бүрэн суманд алсын хоёр дуудлага ирж Яаралтай Түргэн тусламжийг хүргэсэн бол аймгийн нэгдсэн эмнэлэгт 15 эх амаржиж 15 хүүхэд эх орондоо бүл нэмж мэндэлсэн сайхан үйл явдал тохиосон байна.
Төв аймгийн Нэгдсэн Эмнэлгийн зүгээс Яаралтай Түргэн тусламжийн дуудлагын тоо болон хүүхдийн тасгийн хүлээн авахаар үйлчлүүлэх хүүхдийн тоо буурахгүй байгаа тул өрхийн эмч нарын гэрийн эргэлт болон Өрхийн Эрүүл мэндийн төвүүдийг дуудлагад үйлчлэх асуудлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа талаар Төв аймгийн Нэгдсэн Эмнэлгийн, Чанарын албаны дарга Р.Дулмаа тодотгож байлаа.
Т.Есүхэйтөмөр