Карлсен, Карякин хоёр Дохад дахин уулзана

Дэлхийд | Спорт
adiyakhuu@montsame.mn
2016-12-26 12:51:23

МОСКВА./TASS/. Шатрын хурдан тоглолтын болон блиц тоглолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ Катар улсын нийслэл Доха хотод өнөөдөр эхэллээ.

Тэмцээнд хурдан тоглолтын өнгөрсөн оны дэлхийн аварга Норвегийн шатарчин Магнус Карлсен оролцох бөгөөд түүнтэй Оросын их мастер Сергей Карякин өрсөлдөх юм. Нэг сарын өмнө дэлхийн аваргын титмийн төлөө өрсөлдөж байсан хоёр их мастер шатрын хөлгийн ард дахин суух нь. Мөн өнгөрсөн онд блиц тоглолтоор дэлхийн аварга болж байсан Александр Грищук оролцож байна.

Карлсен, Карякин, Грищук гурваас гадна Левон Аронян /Армен/, Хикару Накамура /АНУ/, Вишванатан Ананд /Энэтхэг/, Максим Вашье-Лаграв /Франц/, Шахрияр Мамедьяров /Азербайжан/ нарын дэлхийн шилдгүүд энэ удаагийн тэмцээнд оролцох юм.

ДАШТ-ний хуваарь ёсоор, 26-28-нд хурдан тоглолтын тэмцээн болж, шатарчид швейцарь системээр 15 өрөг тоглох бол 29-30-нд  21 блиц өрөг тоглох юм.  

Энэ удаагийн нээлттэй тэмцээний шагналын сан нь 400 мянган доллар бөгөөд хурдан болон блиц тоглолтын ялагчид тус бүр 40 мянган доллар хүртэнэ.

Олон улсын шатрын холбоо /FIDE/ 1992 оноос хойш хурдан ба блиц тоглолтын ДАШТ-нийг зохион байгуулж байгаа билээ. Хамгийн сүүлд болсон хоёр тэмцээнд М.Карлсен хурдан тоглолтын төрөлд аваргалж, мөн 2014 онд блицэд түрүүлж байжээ. Харин С.Карякин 2012 онд хурдан тоглолтоор дэлхийн аварга болж байсан юм.

Б.Адъяахүү 

Холбоотой мэдээ