Өнөөдөр “Дэлхийн гар угаах өдөр”

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2015-10-15 10:44:02

НҮБ-ын Ерөнхий Ассемблей 2008 онд жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхагласан.  Энэ жил эл өдрийг "Цэвэр гарын төлөө нэгдэцгээе" уриан дор тэмдэглэж байна.

Энэ өдрийн гол зорилго нь гараа савандаж угаах нь өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн, хүн бүрийн хийж чадах хялбар арга гэдгийг ойлгуулахад чиглэдэг.

Дэлхий дээр жилд  бохир гарын улмаас тав хүртэлх насны 3.5 сая хүүхэд суулгалт, амьсгалын замын халдварт өвчнөөр энддэг аж.   Энэхүү өвчлөлөөс сэргийлэх хамгийн хямд төсөр, энгийн, үр дүнтэй арга нь гараа угаах явдал юм.

Гараа зөв угаах нь суулгалт халдвар, амьсгалын замын цочмог халдвар, арьс үрэвсэлт өвчин болон нүдний зарим халдвар зэрэг олон төрлийн эмгэг төрөгчдийн халдвар дамжихаас урьдчилан сэргийлдэг ба энэхүү энгийн, хялбар арга нь таваас доош насны хүүхдүүдийн дундах суулгалт халдварын түвшинг 30-50 хувиар, амьсгалын замын халдварыг ойролцоогоор 21-45 хувиар тус тус бууруулдаг гэсэн судалгаа гарчээ.

Гараа сайтар савандаж угааснаар суулгалт халдвараар өвдөх эрсдэлтэй гурван хүүхэд тутмын нэгийг, амьсгалын замын халдвар буюу хатгаа өвчнөөр өвдөх эрсдэлтэй зургаан хүүхэд тутмын нэгийг тус тус урьдчилан сэргийлж чаддаг байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ