Ким Чен Ирийн тархины бичлэгийг АНУ, Өмнөд Солонгосын тагнуулын албад олж авсан байжээ

Дэлхийд | Улс төр
adiyakhuu@montsame.mn
2016-12-23 15:41:00

ТОКИО./TASS/. АНУ-ын Тагнуулын төв газар болон Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба 2008 онд Умард Солонгосын удирдагч асан Ким Чен Ирт хийсэн тархины компьютер томографийн бичлэгийг олж аваад “түүнд 3-5 жилийн нас үлдсэн” гэсэн дүгнэлт хийж байжээ. Энэ тухай Японы “Асахи Шимбүн” сонинд бичсэн байна.

 2008 оны 8 дугаар сард Ким Чен Ирийн тархинд цус харвах үед Франц, Хятадын эмч нар ирж түүний амийг аварснаар тэрбээр 10 дугаар сард ажилдаа эргэн орсон юм.

Уг тархины бичлэгийг АНУ болон Өмнөд Солонгосын тагнуулын албад хэрхэн олж авсан талаар Японы сонинд дурдсангүй. Ким Чен Ирт ердөө 3-5 жилийн нас үлдсэн бөгөөд дахин цус харвалт болох нь гарцаагүй, үүнийг тэсч гарах магадлал маш бага гэж хоёр улсын тагнуулын байгууллагууд дүгнэж байжээ.

БНАСАУ-ын удирдагч асан Ким Чен Ир ажилдаа эргэн орсныхоо дараа орон нутгаар аялан зааварчилгаа өгч байснаас гадна Орос болон Хятадад айлчлал хийсэн байна.

Ким Чен Ир 2011 оны 12 дугаар сарын 17-ны өдөр таалал төгссөн нь тархинд нь цус харваснаас хойш 3 жил 4 сарын дараа болсон явдал юм.

Б.Адъяахүү  

Холбоотой мэдээ