Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн 13.8 хувь нь эрсдэлд орсон гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-12-23 10:57:56

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 51.3 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Үүний дараа УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “АН-ынхан Хөгжлийн банкны асуудлаар шийдэлд хүрсэн бол өнөөдөр хэлэлцмээр байна. Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлаа ярилцах хэрэгтэй” гэв. Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлыг өнөөдөр хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байгаа учраас УИХ-ын гишүүд хэлэлцэх асуудалтай холбоотой саналаа хэлж байна.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар, "Нэгдүгээрт Хөгжлийн банкны асуудал дээр нийтлэг эрх ашгийн төлөө дуугарч, оны эцэст хэлэлцээд дуусгах хэрэгтэй. Хоёрдугаарт нийслэлийн агаарын бохирдлын асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах шаардлагатай. Нийтийн сонсголын журмаа батлаад агаарын бохирдлын асуудлаар сонсгол зохион байгуулья. Гуравдугаарт  хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох чиглэлд өнөөгийн алдаа дутагдлыг нөхөх чигт анхаарч ажиллах хэрэгтэй" гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, "Эхний ээлжинд төлөх 580 сая ам.доллараа яах гэж байна вэ. Дефолт гэдэг чинь 2-3 сарын дотор болохоор болчихоод байна. Үүнийг өнөөдөр хэн ч ярихгүй байна. Ямар ч шийдэл гараагүй байна. Дефолт болвол 50 жил, цаашлаад 70 жил эдийн засаг саарна. Өнөөгийн нөхцөл байдлыг харахад эдийн засгийн хямрал биш эрх дархтнуудын хямрал болсон мэт. Чуулган анх эхэлж байхад бидэнд боломж, цаг хугацаа байсан. Одоо цаг хугацаа ч байхгүй болчихлоо. Улсын төсөв орлого талдаа 5 их наяд төгрөг. Гэтэл Хөгжлийн банкнаас түүнтэй тэнцэх хэмжээний зээл гаргасан ч 70 хувь нь эргэн төлөгдөхөөргүй байна. Дор бүрнээ жижиг асуудал ярьсаар яст мэлхийн хурдаар ажиллаж байна" гэв.

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, "Энэ асуудал бол Хөгжлийн банкны шалгалттай холбоотой асуудал биш. Бид АН-ынхантай хаалттай горимоор хэлэлцэхээр тохиролцоонд хүрсэн. Тиймээс хаалттай горимоор эхний ээлжинд хэлэлцэж өгөөч" гэв. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, "Хөгжлийн банкинд хийсэн шалгалт бол тусдаа асуудал. Шалгалтын чанарт дүн шинжилгээ хийхэд та нарын ярьсан шиг зээлийн төлөлт дээр 70 хувь нь асуудал үүсээд байгаа юм алга, 13,8 хувь нь эрсдэлд орсон байна. АН-ын бүлэг "жоомоо алах гээд байшингаа шатаах улс биш". Тиймээс Хөгжлийн банкны асуудлаар авсан завсарлага дуусгавар болж байна" хэмээн мэдэгдлээ.

Ингээд хуралдааныг даргалагч Ц.Нямдорж Хөгжлийн банкинд авах зарим арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулав. Ингээд уг асуудлыг хаалттай горимоор хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад олонх нээлттэй хэлэлцэхээр саналаа өгчээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Б.Туул

Холбоотой мэдээ