Сумдад бэлчээрийн даац хэтрэлттэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙМал тооллогын урьдчилсан дүнгээр Өвөрхангай аймагт 4 сая, 980 мянган толгой мал тоологдоод байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 10 хувиар буюу 460 мянгаар өссөн гэх үзүүлэлттэй байгаа юм.
Өвөрхангай аймаг 5,7 сая га бэлчээрийн талбайтай бөгөөд энэ нь нийт эдэлбэр газрын 90,7 хувийг эзэлдэг. УЦУОША-ны ургамлын нөмрөгийн судалгааг харгалзан тооцоход өвөл, хаврын улирлын бэлчээрийн 1 га-ийн дундаж ургац 4,7 цн байгаа нь энэ жилийн хувьд бэлчээрийн даац 65,3 хувийн хэтрэлттэй буюу нийт малын 34,7 хувь нь өвөлжих боломжтой гэсэн тооцоо гарч байна.
Бэлчээр хангамжийн хувийг сумдаар авч үзвэл Баруунбаян-Улаан, Гучин-Ус, Төгрөг сумдад 70 дээш хувьтай буюу хэвийн, Зүүнбаян-Улаан, Богд, Тарагт сумдад 40-69 хувьтай хангалтгүй, бусад 13 сумын хувьд бэлчээрийн хүрэлцээ маш муу байгаа аж. Тиймээс малчид бусад аймаг, суманд отор нүүдэл хийх шаардлагатай байгаа ч энэ жил 14658 малчин өрхөөс 10 гаруй айл л Булган аймгийн нутагт оторлож байна. Чилэнгийн бүсэд 5 сумын 8 мянган толгой малыг өвөлжүүлэхээр тохирсон ч айл очоогүй байна.
Аймгийн аюулгүй нөөцөд өвс 238.6 тн, тэжээл 239.5 тн бэлдэж, өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт дунджаар 72,2 хувьтай байгаа бол сумдын аюулгүй нөөцөд өвс 751,8 тн, тэжээл 239,5 тн бэлтгэн дунджээр 35,5 хувийн биелэлтэй байна.
Б.Батчимэг