Өмнөд Солонгост 20 сая орчим тахиа, нугасыг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-12-20 13:41:40

СӨҮЛ. /Xinhua/. Өмнөд Солонгос даяар шувууны ханиад эрчимтэй тархаж байгаатай холбогдуулан тус улсад 20 сая орчим нугас, тахиаг устгасан байна.

Даваа гарагийн байдлаар 19.11 сая шувууг устгаад байна гэж БНСУ-ын Хөдөө аж ахуй, хүнс, орон нутгийн асуудал эрхэлсэн яам мэдэгдсэнийг “Yonhap” агентлаг уламжиллаа.

Анх 11 дүгээр сарын 16-нд БНСУ-ын баруун өмнөд нутгийн Өмнөд Чолла аймгийн Хэнам хотын шувууны аж ахуйд халдвар илэрсэн ажээ.

Өнгөрсөн сарын хугацаанд өдөрт 600 мянга орчим тахиа, нугасыг устгалд оруулсан байна. 

“H5N6” шувууны ханиад нь маш эрчимтэй тархаж байгаа бөгөөд одоогийн байдлаар Өмнөд Солонгос даяар 204 шувууны аж ахуйд халдвар тархсан байна. Өмнө нь 2014-2015 онд тус улсад энэ төрлийн халдвар тархах үеэр 19.37 сая шувууг 669 хоногийн хугацаанд устгаж байжээ.

Шувууны ханиадтай холбоотойгоор 12.44 сая толгой буюу нийт өндөглөгч тахианы 17.8 хувийг устгасны дараа өндөгний үнэ өнгөрсөн долоо хоногт л гэхэд 11 хувиар огцом өссөн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ