ХӨВСГӨЛ: “Нутгийн сайхан” сүүтэй цайг ОХУ-д экспортолж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт 30 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй "Титаник" компани үйлдвэрлэсэн “Нутгийн сайхан” цайгаа ОХУ-д экспортолж байна.
Тус аймгийн брэнд бүтээгдэхүүнээр удаа дараа шалгарсан “Нутгийн сайхан” сүүтэй цай нь уламжлалт технологийг хадгалсан, шар тостой, хоймор нутагт ургасан ховор ургамлууд орсноороо онцлог юм.
"Титаник" компани талх, нарийн боов, сүү, ааруул, бялуу, гоймон, хэрчсэн гурил, цай, жимс, нийтийн хоол гэсэн 10 үйлдвэр цехийн 150 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бөөний 2 цэг, 200 гаруй гэрээт борлуулагч, дэлгүүрүүдээр дамжуулан хэрэглэгчдэдээ хүргэж байна.
Орон нутгийнхаа талх, талхан бүтээгдэхүүний 15 хувь, гурилан бүтээгдэхүүний 18,4 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүний 25 хувийг дангаараа хангаж жилд 600 орчим тонн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Тус байгууллага нь ISO 9001, ISO
22000 гэсэн олон улсын
стандартуудыг нэвтрүүлэн, үйлдвэрлэлийн
болон эрүүл ахуйн зохистой дадлыг бүрэн хэрэгжүүлж, сүүлийн 3 жилд
техник, технологид нийт 1,7 тэрбумын хөрөнгө оруулалт хийж, 2023-2024 онд 245,2
сая төгрөгийн татварын орлого бүрдүүлжээ.