Хүүхэд оролцсон гэмт хэрэг өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙХүүхэд оролцсон гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 7 хэрэг, 12 холбогдогчоор өссөн гэх мэдээллийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас өглөө.
Аймгийн Цагдаагийн газарт 2016 оны 12 сар хүртэлх байдлаар нийт 474 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 58 хүүхэд холбогдсон 32 гэмт хэрэг байна.
Хүүхэд оролцсон гэмт хэргийг ангиллаар авч үзвэл хүний амь, бие, эрүүл мэндийн эсрэг хэрэг 7, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 24, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг 1 байгаа юм.
Гэмт хэргүүд ихэвчлэн Арвайхээр сумын нутаг дэвсгэр үйлдэгдсэн бөгөөд 27 нь ЕБС-д, 15 нь МСҮТ-д суралцдаг 14-17 насныхан байна.
Тодруулбал 16-17 насны 19 хүүхэд бүлэглэн шунахайн сэдэлтээр 22-05 цагийн хооронд бусдын эд хөрөнгөд халдах, хулгайлах хэргийг хийсэн бол МСҮТ-д суралцдаг хоёр хүүхэд хүнсний зургаан дэлгүүрээс эд бараа хулгайлжээ. Мөн өнгөрсөн 10 сард хоёр эмэгтэй сурагч хэрэгт холбогдсон бол эцэг, эх асран хамгаалагч нарын анхаарал, болгоомжгүй байдлаас болж 0-5 насны 7 хүүхэд амь насаараа хохирсон байна.
Б.Батчимэг