Халтар арвайг брэнд бүтээгдэхүүн болгоно

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2016-12-19 20:43:43

Баянхонгор аймгийн ИТХ-д Бөмбөгөр сумаас сонгогдсон Ц.Энхтөр төлөөлөгч тойрогтоо ажиллажээ. Мөн үеэр халтар арвайг Бөмбөгөр сумын брэнд болгож, тариалалтын хувь хэмжээг нэмэгдүүлж, сайн чанарын бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх талаар сумын удирдлагуудтай зөвлөлдсөн байна.

Ингэхийн тулд газар тариалан эрхэлж буй иргэдийн гар дээрх халтар арвайн үрийн нөөцийг судалж, ирэх онд хэдэн га талбайд ямар хэмжээний үрээр тариалалт хийх, уг тариалалтын ажилд хичнээн иргэд гар бие оролцох боломжтой талаарх нарийвчилсан судалгаа гаргахыг сумын удирдлагуудаас хүсчээ.

Нутгийн иргэд өнөөдрийн байдлаар хувиараа өөрийн хэрэгцээний төмс, хүнсний ногоо, халтар арвай, буудай тариалж буй аж. Энэ туршлагад тулгуурлан Бөмбөгөр суманд газар тариаланг хөгжүүлэх нөөц бололцоо өндөр. Цаг уурын таатай нөхцөл, өмнөх суурь бааз, газар тариалан эрхлэх туршлагатай иргэд байгаа нь энэ төрлийн аж ахуйг өргөжүүлж хөгжүүлэх бололцоог бий болгодог байна. Тухайлбал, Хунцатын улсалтын систем бүхий 80 га талбайд тариалалт хийх боломж байгаа аж. Тиймээс аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт багтсан газар тариаланг хөгжүүлэх бодлогын хүрээнд уг ажлыг ирэх оноос эхлэн бодит ажил болгохоор төлөвлөжээ. Энд шаардлагатай техник, хэрэгслээр хангахын тулд хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа ИТХ-ын төлөөлөгч Ц.Энхтөр илэрхийлж байв.

Тус сумын багийн дарга нар уг сэдвийн хүрээнд тодорхой судалгаа мөн хийсэн байна. Сүүлийн жилүүдэд олон үйлдэлтэй үнийн хувьд хямд төсөр техник гарсныг сумын удирдлагууд танилцуулж байлаа. Газар хагалах, тариа буудайг хураах зэрэг үйлдлийг өөртөө багтаасан тракторыг 20 орчим сая төгрөгөөр авах бололцоо бий болжээ.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ