Өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
batsaikhan@montsame.mn
2016-12-17 12:53:02

Хүйтний улирал эхэлж, томуу, ханиадны дэгдэлт нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн бүх дүүргийн өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна.

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 15-аас өрхийн эмнэлгүүд ажлын өдөр 20.00 цаг хүртэл, бямба гаригт 10.00-14.00 цагийн хооронд ажиллаж, шаардлагатай тохиолдолд 0-5 настай хүүхдийг эмч нар гэрээр үзэж, эмчилж байгаа юм. Томуу, томуу төст өвчний арванхоёрдугаар сарын  5-11-нд хийсэн тандалтын мэдээллээр, нийслэлийн хэмжээнд амбулаторийн 89 мянга 587 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 6488 тохиолдол оношлогджээ. Мөн Түргэн тусламжийн дуудлагын 43.3 хувийг амьсгалын замын цочмог халдвар эзэлж байна. Нийт өвчлөгсдийн 85 хувийг 0-9 насны хүүхэд эзэлж, бага насны хүүхдүүд уушгины хатгалгаа, ялангуяа амьсгалын замын дутагдал илрэх хандлага ихэссэнийг эмч нар онцолж байгаа.  Өвчлөл нэмэгдсэнтэй холбогдуулан хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүүхдийн тоо нэмэгдэж дүүргийн эмнэлгүүдийн нийт орны ачаалал нь батлагдсан тооноос 30 орчим хувь, ялангуяа хүүхдийн орны ачаалал 90 хувиар хэтрээд байгаа учраас дүүргийн эмнэлгүүд орны тоо нэмэх, том хүмүүсийн хэвтэн эмчлүүлдэг зарим тасгийг хүүхдийн тасаг болгон ажиллуулахаас гадна хувийн эмнэлгүүдийг ч дайчилж эхэлсэн байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ