Умард Солонгос пуужингийн туршилт хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-12-15 10:41:06

ВАШИНГТОН. /NHK/. Умард Солонгосын тал энэ сарын эхээр шумбагч онгоцноос баллистик пуужин хөөргөх загварчлан дуурайсан туршилтыг хуурай газарт явуулсан гэж АНУ-ын Засгийн газрын төлөөлөгч мэдэгдэв.

Умард Солонгосын хийж буй үйлдлүүдийг ажиглах явцад тус улс туршилтын байгууламждаа шумбагч онгоцноос баллистик пуужин хөөргөх боломжийг шалгах туршилт хийсэн гэж тэрбээр мэдэгдлээ. Умард Солонгос шумбагч онгоцон дотор түлшийг ноцоолгүйгээр хий болон агаарын даралтыг ашиглан баллистик пуужин хөөргөх технологийг боловсронгуй зорилгоор энэ туршилтыг хийсэн бололтой. Энэ аргыг “хүйтэн агаараар хөөргөх” технологи гэдэг аж.

Умард Солонгос өнгөрсөн дөрөв, долоо, наймдугаар саруудад ийм төрлийн туршилт хийсэн билээ. Наймдугаар сард хөөргөсөн пуужин нь 500 км орчим зайг туулсан байна. Умард Солонгос энэ мэтээр туршилт хийж, шумбагч онгоцноос баллистик пуужин хөөргөх чадавх боломжоо нэмэгдүүлсээр байна гэж АНУ үзэж байна.

Умард Солонгос энэ сард туршилт хийснээр шумбагч онгоцноос пуужин хөөргөхөд шаардлагатай технологийн мэдээллүүдийг олж авсан байх гэж АНУ-ын албаны хүн мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ