Баян-Өлгийд хүндийг өргөгчид хүчээ сорьж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТБаян-Өлгий аймагт Спортын мастер Р.Даривханы нэрэмжит хүндийг өргөлтийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/-ий шилдгүүдийг тодруулж байна.
Хүндийн өргөлтийн спортын мастер, дасгалжуулагч, ахмад тамирчин Рияны Даривханы нэрэмжит ЗУАШТ энэ сарын 12-14-нд болж байгаа бөгөөд Дархан, Өвөрхангай, Хөвсгөл, Баян-Өлгий, Сүхбаатар аймаг болон Улаанбаатараас “Самбуусан”, Багануур, “Монголжонш”, “Есүүдбатууд”, “Сувинер Хаус” клубүүдийн нийт 10 байгууллагын 85 тамирчин хүчээ сорин өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдрүүдэд эмэгтэй 44, 48, 53, 58, 63, эрэгтэй 48, 52, 56, 62, 69 кг жингийн аваргууд тодорлоо.
Эмэгтэйчүүдийн 53 кг-д Хөвсгөл аймгийн тамирчин ОУХМ А.Бум-Аюуш өсвөр үе 6, залуучуудын огцом, түлхэлт, нийлбэрээр 3, насанд хүрэгчдийн ангилалд түлхэлттэй өргөлтөөр Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Мөн эмэгтэй 58 кг-д Өвөрхангай аймгийн тамирчин, ОУХМ Г.Баасанжаргал огцом, түлхэлттэй өргөлтөөр залуучуудын ангиллын Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэв. Эмэгтэйчүүдийн 48 кг-д “Монголжонш” ХХК-ий тамирчин, спортын мастер Б.Золбоо огцом өргөлтөөр залуучуудын рекорд амжилтыг 4 кг-аар ахиуллаа.
Тэмцээний хамгийн залуу эрэгтэй оролцогч 12 настай Өвөрхангай аймгийн тамирчин Б.Билэгсайхан нийлбэр өргөлтөөр 90 кг /огцом болон түлхэлт 45 кг/ өргөсөн амжилтыг үзүүлжээ. Мөн эмэгтэй хамгийн залуу оролцогч болох 13 настай Хөвсгөл аймгийн тамирчин Э.Батчимэг нийлбэр амжилтаар 114 кг өргөж, хүрэл медаль хүртлээ. Тэмцээний хоёр дахь өдөр /10.14/ эрэгтэй 77, 85, +85, эмэгтэй 69, +69 кг-д хүчээ сорьж байна.
Д.Өлзий