2055 он гэхэд Хятадын тэтгэврийн насныхны тоо 400 саяд хүрнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-12-14 16:25:51

БЭЭЖИН./TASS/. Хятадын хүн амын хөгшрөх үйл явц үргэлжилсээр 2055 онд гэхэд тус улсад 400 сая өндөр настан амьдрах төлөвтэй байна. Энэ тухай Хятадын Нийгмийн ухааны академиас гаргасан мэдээлэлд дурджээ.

Эрдэмтдийн тооцоолсноор, 2030 он гэхэд Хятадад 65-аас дээш настай хүмүүсийн тоо 280 саяд хүрснээр таван хүн тутмын нэг нь тэтгэвэр авах аж. Дахин 25 жил өнгөрөхөд хижээл настнуудын тоо Хятадын хүн амын 1/3-ийг эзлэх болно. Үүний дараа аажмаар залуужиж эхлэх ажээ.

Өндөр настнуудын тоо ойрын 10-15 жилийн хугацаанд жил бүр 0,5 хувиар эрчимтэй нэмэгдэх аж.

“Өмнөд Солонгос болон Японд хүн амын хөгшрөх үйл явц эдийн засгийн хөгжилтэй холбоотой бол Хятадад “нэг гэр бүл-нэг хүүхэд” гэсэн бодлого нөлөөлсөн” гэж БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн шинжээч Ма Ли ярьж байна. Насжилтын үйл явц хөдөө аж ахуйн бүс нутгуудад илүү хурдацтай, харин том хотуудад аажим явагдаж байна гэдгийг тэрбээр онцоллоо.

Хятадын Иргэний засаг захиргааны яамны мэдээллийг үзвэл, одоо тус улсад 65-аас дээш насны 143 сая гаруй хүн амьдарч байгаа нь хүн амын 10 хувийг эзэлж байна. 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн нэг айл хоёр хүүхэдтэй байхыг зөвшөөрсөн нь Хятадын нийгэм дэх насны тэнцэргүй байдлыг зохицуулна гэж үзэж байна.

Х.Сарнай  

Холбоотой мэдээ