Умард Солонгост туслахыг ОУУЗН-ийн тэргүүн уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-12-14 11:03:06

БЭЭЖИН. /Xinhua/. Умард Солонгосын үерт нэрвэгдсэн бүс нутагт хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг Олон улсын Улаан загалмай ба Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбооны /IFRC/ тэргүүн уриаллаа.

Энэ оны наймдугаар сарын сүүлчээс есдүгээр сарын эхэн үе хүртэл тус улсын зүүн хойд нутгийн Хамгён аймагт аадар бороо орсноор үер усны аюул нүүрлэсэн юм. НҮБ-ын албаны хүмүүсийн хэлснээр, үерийн улмаас 500 гаруй хүн амиа алдаж, сураггүй болсноос гадна 70 мянга орчим хүн орон гэргүй болсон байна.

IFRC-ийн тэргүүн Тадатэрү Коноэ 12 дугаар сарын 3-наас Умард Солонгост айлчлаад Япон руу буцах замдаа мягмар гарагт Бээжин хотод сэтгүүлчдэд ярилцлага өгсөн байна.

Түүний хэлснээр, үерт эвдэрч сүйдсэн барилгуудын 2/5 орчим хувийг буюу 12 мянган байшинг сэргээн засварлаад байгаа ажээ.

Мөн үерт нэрвэгдсэн газар тариалангийн бүсүүдийг сэргээхэд цаг хугацаа хэрэгтэй гэж тэрбээр хэлээд, умард солонгосчуудад хүнс болон эм тарианы тусламж үзүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ.

Умард Солонгост үер усны аюул нүүрлэсэнтэй холбогдуулан тус улсад тусламж дэмжлэг үзүүлэхийг IFRC олон улсын хамтын нийгэмлэгт уриалсаар байгаа юм. Гэсэн хэдий ч энэ гамшгийн дараахан Пхеньян тав дахь удаагаа цөмийн туршилт хийж, хэд хэдэн удаа баллистик пуужин харвасны улмаас улс орнууд Умард Солонгост туслахаас болгоомжилж байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ