Оны шилдэг эмэгтэйчүүдийг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-12-13 22:33:57

Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулсан “Дарханы бүсгүйчүүд” 2016 оны шилдэг эмэгтэйчүүдийг тодруулах цэнгүүн боллоо.

Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй уг цэнгүүнд тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Б.Жавхлан, аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат нар оролцлоо. Мөн үеэр Дархан хотын ахуйн болон ундны цэвэр усаар хангах  хариуцлагатай ажлаа нэр төртэй гүйцэтгэж ирсэн “Дархан-Ус суваг” ХК-ийн Ариутгах татуургын албаны машинист Н.Даваажав, 2010 оноос аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Сэтгэц Наркологийн тасагт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдийг нийгэмшүүлэх хүмүүнлэгийн ажлыг сайн дураар хийж ирсэн энэрэнгүй үйлстэн Т.Элбэгзаяа нарыг Дархан-Уул аймгийн 2016 оны “Шилдгийн шилдэг эмэгтэй”-гээр тодруулж өргөмжлөв.

Харин “Шилдэг ачлалт эмэгтэй”-ээр Нэгдсэн Эмнэлгийн Хүүхдийн тасгийн сувилагч Ц.Алтантуяа, “Шилдэг багш эмэгтэй”-гээр Дархан-Уул аймгийн Үндэсний лаборатари “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн бага ангийн багш Ц.Уранцэцэг, “Шилдэг инженер эмэгтэй”-гээр “ДДЦС” ТӨХК-ийн тооцооны инженер Я.Ганхуяг нар тус тус шалгарч цом өргөмжлөлийн эзэн боллоо. Аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны дэргэдэх сургалтын төвд хөөрөг даалин урлах, зүү орох хатгамал, зүймэл даавуу, туузан хатгамал, хайчилбар зэрэг 10 гаруй төрлийн сургалтыг явуулдаг. Энэ ч утгаараа шинэ жилийн цэнгүүний урилга, энгэрийн зүүлт, ширээний дугаар зэргийг гараар урласныг дэлгэж үзүүлсэн нь ирсэн зочдын талархлыг хүлээлээ.

                                                                                                                                                     Б.Норовсамбуу 

Холбоотой мэдээ