НҮБ-ын тэргүүнээр сонгогдсон А.Гутерриш тангараг өргөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-12-13 12:10:47

НҮБ. /Xinhua/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон Антонио Гутерриш дэлхий дахинд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээ амлалаа.

НҮБ-ын ес дэх тэргүүнээр сонгогдсон А.Гутерриш даваа гарагт тангараг өргөснийхөө дараа үг хэлэхдээ ингэж амласан байна. Түүний хувьд НҮБ-ын тэргүүний албыг хаших таван жилийн хугацаа ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Португалын Ерөнхий сайд асан А.Гутерриш НҮБ-ын Дүрвэгчдийн асуудал хариуцсан дээд комиссараар ажиллаж байсан юм.

Бан Ги Мүний НҮБ-ыг удирдах хугацаа энэ сарын эцсээр дуусгавар болно.

А.Гутерриш хэлэхдээ “дэлхийн дулаарал, хүн амын хэт өсөлт, хүнс болон ундны усны хомсдол зэрэг асуудал нь дэлхий дахиныг тогтворгүй болгож байна” гэжээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “гишүүн улс орнуудын идэвхтэй оролцоогүйгээр, иргэний нийгмийн байгууллагуудын туслалцаагүйгээр НҮБ-ын хүмүүнлэгийн болон хөгжлийн хүчин чармайлт хүчгүйднэ” гэсэн байна.

Цагаачид болон дүрвэгчдэд хатуу хяналт тавихыг уриалж байгаагаас гадна дэлхийн дулааралтай тэмцэх арга хэмжээ авах бодолгүй байгаа АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын талаар А.Гутерриш дурдаад “дэлхий дахинд тулгамдаж буй томоохон асуудлуудыг шийдвэрлэхийн тулд би АНУ-тай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа тодорхой илэрхийлэх болно” гэжээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ