Япончууд Путины айлчлалд бэлтгэж байна

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2015-10-14 13:23:39

ТОКИО. /TASS/. Япон улс ОХУ-ын Владимир Путины айлчлалыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хийж байна. Энэ тухай тус улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

“Энэ оны эцсээр тохиромжтой цаг үед айлчлалыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хийж байна” гэж түүний хэлснийг Киодо агентлаг уламжилсан байна. Суга мөн янз бүрийн хүчин зүйлийг харгалзан айлчлалыг товлоно гэдгийг онцлон дурджээ.

Оросын Ерөнхийлөгч он дуусахаас өмнө Японд айлчлахгүй гэдэгтэй талууд санал нэгдсэн тухай тус улсын "Никкэй" сонинд урьд нь дипломат эх сурвалжийн мэдээллээс иш татан бичсэн байна. Тус сонинд гарсан нийтлэлд мөн айлчлалыг 2016 оны хавар зохион байгуулж магадгүйг мэдээлжээ.

Оросын төрийн тэргүүн Владимир Путин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр есдүгээр сарын 28-нд уулзсан билээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ