Дэд бүтцийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-12-08 23:39:29

Дархан-Уул аймагт ажиллаж байгаа босоо удирдлагатай ус, дулаан, эрчим хүчний, байгууллагуудын төлөөлөл болсон инженер техникийн албаны мэргэжилтнүүд цугларч идэр есийн хүйтнийг давахын тулд хэрхэн уялдаа холбоотой ажиллах талаар санал солилцов.

Зөвлөлдөх уулзалтад Дархан Дулааны цахилгаан станц, Дархан Дулааны сүлжээ зэрэг ТӨХК-ууд, Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК, “Дархан-Ус суваг ХК тус тусын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эдгээр байгууллага хоорондоо хамтран ажиллаж гарсан эвдрэл гэмтлийг цаг тухайд нь арилгаж ажиллах нь чухал гэв.

Нэг ажил хийх гэж нөгөө байгууллагынхаа хийсэн ажлыг сүйтгэдэг, инженерийн шугам сүлжээний чиглэлийн ажлыг хийхдээ харилцан бие биедээ мэдэгдэж зөвшилцөж байж хийх нь зүйтэй гэдгийг ДДС ТӨХК-ийн ерөнхий инженер Д.Бат-Эрдэнэ онцлов.

Аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд: “Манай аймгийн 2017-2020 оны хот төлөвлөлтөд нийт 255 тэрбум төгрөгийн 309 бүтээн байгуулалт, ажил үйлчилгээг хийнэ. Уг бүтээн байгуулалтуудын гол эх үүсвэр нь инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн асуудал учир эдгээр байгууллагын ажил үйлчилгээ онцгой байр эзэлнэ. Эдгээр эрчим хүчний байгууллагууд босоо удирдлагатай учир орон нутгийн удирдлагуудтай ойр биш яваад байсан учраас санал бодлоо солилцох шаардлага гарсан. Дархан хотын шинэ суурьшлын бүс бий болж тэнд ус дулааны, цахилгааны инженерийн шугам тавигдаж бэлэн болсон ч улсын комисс хүлээж аваагүй байгаа учраас мэргэжлийн байгууллагад нь харьяалуулж эзэнтэй болгох талаар ярилаа. Үүнийг холбогдох байгууллагууд дэмжиж хүлээн авч байна. Бид холбогдох албан ёсны шийдвэрийг гаргаж хүлээлгэх өгнө” гэв.

Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ