ОУОХ Японы санаачилгыг таатай хүлээн авлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
nyamtulga@montsame.mn
2015-10-14 11:10:27

ТОКИО. /NHK/. Токио хотын олимпын наадам зохион байгуулах хорооны санаачилсан, 2020 оны наадамд нэмж оруулах спортын төрлийг Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ өндөр албан тушаалын гишүүн сайшаан хүлээн авлаа.

Токиогийн зохион байгуулах хорооны дэвшүүлсэн, спортын таван төрөлд 18 ангилал нэмж оруулах саналтай холбогдох уулзалт өчигдөр Токио хотод болсонд ОУОХ-ны Зохицуулах хорооны дарга Жон Коутс оролцжээ. Спортын таван төрөлд бэйсбол, софтбол, каратэ, ханан хадны авиралт, серфинг, скейтборд орж байна.

Спортын эдгээр төрөл нь залуучуудын дунд өргөн дэлгэрсэн бөгөөд олимпын наадмын шинэчлэлд нэмэр болно гэж Коутс мэдэгдээд, уг саналыг Япон болон дэлхий даяар талархан хүлээн авч байгаад их баяртай байгаагаа илэрхийлжээ.

Шинэ замналыг хамтран нээхэд талууд ямар хүсэл эрмэлзэлтэй байгаа тухай хэлэлцэх Япон, ОУОХ-ны уулзалтын үеэр Токио хотын зохион байгуулах хорооны дарга Ёширо Мори, Японы хүсэлтээр дээр дурдсан спортын таван төрлийг сонгосон гэж мэдэгджээ.

Мөн тэрбээр олимпын бэлгэ тэмдэгтэй холбоотой асуудалд уучлалт хүсээд, шинэ бэлгэ тэмдэг хийж байгаа гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ