"Пёнчан-2018"-ын хоккейн талбайн хэмжээг үл ялиг багасгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
sarnai@montsame.mn
2016-12-07 11:34:02

ЦЮРИХ./TASS/. 2018 онд Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох өвлийн Олимпын наадмын хоккейн тэмцээн болох талбайн хэмжээг стандарт хэмжээнээс үл ялиг багасгах ажээ. Энэ тухай Олон улсын хоккейн холбооны /IIHF/ зөвлөлийн гишүүн, Оросын Хоккейн холбооны ерөнхийлөгч Владислав Третьяк мэдэгдлээ. 

IIHF-ийн зөвлөлийн хурал энэ өдрүүдэд Швейцарийн Цюрих хотод болж байна.

Өвлийн Олимпын хоккейн тэмцээн 2018 оны 2 дугаар сард 10 мянган хүний суудалтай Холбооны хоккейн спортын төв болон 6 мянган үзэгчийг багтаах Квандоны Их сургуулийн спортын ордонд болох юм. Түүнээс гадна, Холбооны хоккейн спортын төвд ирэх оны 4 дүгээр сард 18 хүртэлх насны идэрчүүдийн ДАШТ-ний II дивизионы А хэсгийн тоглолтууд болох ажээ.

В.Третьяк талбайг багасгасны учрыг тайлбарлахдаа “тэнд баригдсан цэнгэлдэх хүрээлэнгийн хоккейн талбайн "хайрцаг" яг мөсөн дээр таарч байрлаагүй тул хэмжээг нь үл ялиг багасгахаас аргагүйд хүрсэн” гэлээ.

IIHF-ээс зохион байгуулж буй тоглолтууд уртаашаа 60 м, өргөөшөө 26-30 м хэмжээтэй талбайд болдог. Тус холбооны дүрэмд зааснаар, стандарт хэмжээг мөрдөх боломжгүй тохиолдолд тэмцээнд болохоос өмнө тус холбоотой зөвшилцсөний үндсэн дээр талбайн хэмжээг өөрчлөхийг зөвшөөрдөг ажээ.

Х.Сарнай

Холбоотой мэдээ