Оросын цагдаа нар 20 орчим тонн хар тамхи илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
adiyakhuu@montsame.mn
2016-12-06 16:02:06

МОСКВА./TASS/. Энэ он гарснаас хойших хугацаанд ОХУ-ын Дотоод хэргийн яамны дэргэдэх хар тамхитай тэмцэх тусгай анги салбарууд 18,9 тонн хар тамхи, түүний дотор 11,7 тонн марихуан, 3 тонн нийлэг хар тамхи, 864 кг героин, 769,9 кг гашишийг илрүүлэн устгасан байна.

ОХУ-ын Дотоод хэргийн яамны хэвлэлийн төвийн мэдээлэлд дурдсанаар, өнөөдөр хар тамхины эргэлтэд хяналт тавих тусгай анги салбарууд байгуулагдсан өдөр тохиож байна. 1991 оны энэ өдөр байгуулагдсан эдгээр анги салбаруудад өдгөө 10 мянга гаруй цагдаагийн ажилтан алба хааж байгаа ажээ.

ОХУ-д 2002 оны 9 дүгээр сард мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Улсын хороог Дотоод хэргийн яамны дэргэд байгуулж байсан бол 2003 оны 3 дугаар сард нэрийг нь өөрчлөн “Мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийг хянах Улсын хороо” гэх болжээ.

Харин 2004 онд Мансууруулах бодисын эргэлтийг хянах Холбооны алба гэж нэрлэх болсон бол энэ оноос тус албаны үүргийг Дотоод хэргийн яаманд шилжүүлсэн байна.

Б.Адъяахүү 

  

 

Холбоотой мэдээ