Уул уурхайн нөхөн сэргээлтийн ажлыг хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-12-06 14:27:09

Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Т.Ариунболдоор ахлуулсан ажлын хэсэг Гучин-Ус, Баруунбаян-Улаан, Уянга суманд ажиллаж, аж ахуйн нэгжүүдийн нөхөн сэргээлт хийсэн талбайтай танилцлаа.

“Капкорп Монголиа” ХХК нь 2009 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Гучин-Ус, Баруунбаян-Улаан сумын нутаг Онги-V талбайд газрын тосны хайгуул, судалгааны ажлыг явуулж байгаа юм. Тус компанийн гэрээт гүйцэтгэгч “Хэт” ХХК нь 2016 оны 5 сараас эхлэн 2 хэмжээст чичирхийллийн судалгааг 142 километрт хийж, 150 мм-ийн диаметртэй, 12-15 м гүнтэй нийт 2346 цооног өрөмдсөнийг ажлын хэсэг шалгасан юм. Тухайн гүйцэтгэгч компани ухсан цооногуудыг шороогоор дүүргэн тэгшилж, нөхөн сэргээлт хийсэн байв.

Мөн Уянга сумын нутаг "Мод мухар" хэмээх газар тусгай зөвшөөрөл эзэмшигч “АУМ” ХХК, “Буд-Ундрам” ХХК нь техникийн нөхөн сэргээлтийг 3.7 га, биологийн нөхөн сэргээлт 1.2 га талбайд, Өлтийн хөндийд тусгай зөвшөөрөл эзэмшигч “АУМ-Алт” ХХК нь техникийн нөхөн сэргээлтийг 64.4 га талбайд, Бөөрөлжүүтийн голд тусгай зөвшөөрөл эзэмшигч “Баярсгоулд” ХХК техникийн нөхөн сэргээлтийг 2.7 га талбайд хийснийг ажлын хэсэг хүлээн авч, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэлээ.

2016 онд аймгийн хэмжээнд 72.9 га-д техникийн, 1,2 га-д биологийн нийт 74.1 га талбайд нөхөн сэргээлт хийгээд байна.

 Б.Батчимэг

Холбоотой мэдээ