Арвин ургацын эзэд болсон тариаланчид баяраа тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-12-05 00:08:17

Сэлэнгэ аймгийн Хушаат суманд зохион байгуулагдсан

“Ургацын баяр-2016”-гаас хийсэн сурвалжлага

“Өгөөж Мандал уул” ХХК-ийн хамт олон амжилтаараа илүүрхлээ

Сэлэнгэ аймгийн ИТХ-аас тухайн жилдээ хамгийн их ургац хураан авсан сумандаа аймгийнхаа “Ургацын баяр”-ын арга хэмжээг зохион байгуулж байхаар энэ жилээс шийдвэрлэсэн юм.        

Энэ үүднээс энэ сарын 1-нээс 3-ны өдрүүдэд Хушаат суманд “Ургацын баяр-2016” арга хэмжээ өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Энэ жил Хушаатын тариаланчид 30 жилийнхээ түүхэнд алтаар бичигдэх амжилтын эзэд болцгоосон билээ. Хушаат сум ургац хураалтаараа аймагтаа төдийгүй Монгол Улсдаа тэргүүлж нийт 35009 тн буюу нэгж га-гаас 24.1 цн ургац хураан авсан түүхэн алдрын эзэд боллоо. Энэхүү сумын "Ургацын баяр-2016" арга хэмжээний хүрээнд 11 номинацид тариаланчдаа шалгаруулж, шилдгүүдээ тодрууллаа. 4176 га-гаас 7178 тн ургац хураан авсан амжилтаар "Хамгийн их үр тарианы ургац хураан авсан ААН”-ээр "Монгол ангус" ХХК-ийн хамт олон, 70 га талбайгаас 1300 тн төмс хураан авсан "Нью кроп" ХХК-ийн хамт олон "Хамгийн их төмсний ургац хураан авсан ААН"-ээр, тус сумын иргэн М.Баярхүү 2 га талбайгаас 76 тн төмс хураан авч, "Хамгийн их төмс хүнсний ногоо хураан авсан иргэн"-ээр, мөн 2 га-гаас 58 тн хүнсний ногоо хураасан иргэн Л.Саранчимэг "Хамгийн олон төрлийн хүнсний ногооны ургац хураан авсан иргэн"-ээр, Нива комбайнаар 192 га-гаас 6140 цн урагц хураасан Б.Сэдбазар "хамгийн их үр тариа хураан авсан механикжуулагч"-аар, мөн Жондеер комбайнаар  1899 га-гаас 52000 цн үр тариа хураасан н.Баатар "Хамгийн их үр тариа хураан авсан механикжуулагч"-аар, “Өгөөж Мандал уул” ХХК-ийн ажилтан Б.Адилбиш "Газар тариалангийн үйлдвэрийн шилдэг ажилтан"-аар тус тус шалгарлаа. Түүнчлэн "Нийгмийн хариуцлагаа сайн хэрэгжүүлэгч ААН"-ээр "Скрин" ХХК" шалгарлаа. Тус компани нь  Хушаат сумын хоёр иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтмол цалинжуулан НДШ-ийг нь тогтмол төлдөг байна. Мөн "хамгийн их хадлан бэлтгэсэн иргэн"-ээр 540 тн хадлан бэлтгэсэн иргэн Б.Анхбаяр, "нэгж талбараас хамгийн өндөр үр тарианы ургац хураан авсан ААН"-ээр 1700 га талбайд үр тариа тариалж, 5630 тн үр тариа буюу 1 га-гаас 33.1 цн ургац хураан авсан “Өгөөж Мандал уул” ХХК, мөн 50 га талбайд төмс тариалж, 1260 тн төмс буюу 1 га-гаас 252 цн ургац хураан авсан “Элит үр” ХХК-ийн хамт олон "Нэгж талбараас хамгийн их төмс хураан авсан ААН"-ээр шалгарсан амжилтуудаар тэргүүлцгээн түүхэн амжилтын эзэд болцгоолоо.

Хөдөлмөрийнхөө үр шимийг хүртлээ

Түүхэн амжилтын эзэд болсон Хушаат түмний Ургацын баяраар улс, аймаг, сумын шагналын хур үерлэлээ.

Үүнд: "Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан”-аар тариаланч А.Төмөрбаатар, Ө.Оюундэмбэрэл, Г.Нандинболд, Б.Ганхуяг, Н.Ганбаатар, Ч.Энхжаргал нар, ХХААХҮЯамны “Жуух бичиг”-ээр н.Нэргүй, Д.Нямрагчаа, Г.Энхжаргал, Л.Батбаатар нар, Зам тээврийн жуухаар Б.Батсайхан, С.Баасанжав нар, Онц тээвэрчин цол тэмдгээр Т.Пүрэвсүрэн, Т.Цэрэнлхам, Д.Пүрэвтовуу нар, аймгийн Засаг даргын жуух бичгээр Х.Алтанцэцэг, Т.Оюунбаатар, Н.Баярбаатар, Р.Ганболд, З.Нямсүрэн, Б.Нандин-Эрдэнэ нар, сумын Засаг даргын жуухаар Л.Оросоо, М.Оюун-эрдэнэ, М.Мөнхжаргал нар, Монголын Залуучуудын холбооны "Хүндэт зүтгэлтэн" тэмдгээр Б.Цэдэндорж, МЗХ-ны "Хөдөлмөрийн алдар " тэмдгээр С.Даваасамбуу, Б.Бямбаа, Б.Амгаланбаяр нар, "МЗХ-ны "Тэргүүний тариаланч" тэмдгээр Г.Энхцогт, Г.Энхбаатар нар, "Тэргүүний малчин" цол тэмдгээр Х.Баяраа, МЗХ-ны "Тэргүүний залуу" алтан медалиар Б.Пүрэвдорж нар шагнагдаж, гадаа гандаж, хөдө хөхөрч явдаг хүнд хүчир хөдөлмөрийнхөө үр шимийг хүртлээ.

Мөнгөн тэмдэгтээр аадар цутгаж, төмөр хүлгээр дэнчин тавьсан тариаланчдын баяр

Хушаат сумын “Ургацын баяр”-т ХХААХҮЯамны төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, ХХААХҮЯамны газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун, аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр, Монголын Тариаланчдын холбооны ерөнхиийлөгч Ч.Пэрэнлэй, МХШТФХолбооны гүйцэтгэх захирал Т.Төрмандах зэрэг улс аймгийн олон зочид төлөөлөгчид хүрэлцэн оролцсон байна. Мөнх хөх тэнгэрээ  аргадан таалж, газар ижийнхээ өгөөж шимээр түмэн олноо ундаалж яваа хөдөлмөрч тариаланчид маань ийнхүү жилдээ нэг удаа их хөдөлмөрийнхөө үр дүнг хүртдэг уламжлалтай. Хушаат сумын хувьд нэлээд онцлогтойгоор энэ жилийн ургацын баяраа тэмдэглэж байгаа юм. Тухайлбал тус сумын 30 жилийн ой ирэх 2017 онд тохиож буй юм. Иймээс энэхүү ойтой холбогдуулан бүтээн байгуулалтын ажил өрнүүлэх, цас зудтай хүнд нөхцөлд малчдад туслах, төсвийн байгууллага, боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах ажлуудыг хийхийг баярын хурлын индэр дээрээс тус суманд үйл ажиллагаагаа явуулж байгаа "Элит үр” ХХК-ийн захирал н.Нямжав, Монголын тариаланчдын холбооны дарга Ч.Пэрэнлэй нар уриаллаа. Энэхүү уриалгыг хүлээж авсан компанийн захирлууд сумандаа соёл үйлчилгээний төв байгуулах, жил бүр төр төсвийн байгууллагад хөрөнгө оруулалт хийх амлалт болон янз бүрийн бодит ажлын саналуудаа хэлж байв. Тус сумын үржил шимт хөрснөөс амьдралаа цэцэглүүлж байгаа үр тарианы компанийн захирлууд өмнө ч бас сумандаа бүтээн байгуулалтын ажлуудыг хийж, төр төсвийн байгууллагуудда хандив, дэмжлэг үзүүлсээр иржээ. Тухайлбал сумын "Ар сэвд могойт" ХХК-ийн зүгээс  сумын Соёлын төвийн орон нутаг судлах танхимд нэг сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Мөн "Өгөөж мандал уул” ХХК-ийн зүгээс өөрийн нэр бүхий 6 ажилтандаа “Приус” маркын автомашин, мөн 4 ажилтандаа мотоцикль, "Голын өндөр", Өгөөж мандал уул", "Ар Сэвд Могойт" зэрэг компаниуд ажилчиддаа, ахмадууддаа мөнгөн шагнал, гарын бэлэг гардуулан өглөө.

Ургацын эзэд спортын тавцанд алдраа дуурсгалаа

Арвин ургацын эзэд болсон Хушаатын ард түмэн баярын өдрүүдээрээ спортоор амьсгалж өнгөрүүллээ.

Энэхүү “Ургацын баяр” арга хэмжээний хүрээнд шатар, теннис, шагайн тэмцээнүүд сумын хэмжээнд амжилттай зохион байгуулагдлаа. Тухайлбал шатрын тэмцээнд 15 тамирчин оролцож, шатрын спортын мастер С.Цэдэн-иш түрүүлжээ. Удаах байруудад шатрын спортын 2-р зэрэгтэй тамирчин Т.Гэрэлтуяа, шатрын спортын мастер Л.Бааст нар шагналын эзэд болсон байна. Харин шагайн харвааны тэмцээнд нийт 10 баг оролцож, Н.Захирахбаатар ахлагчтай Хушаатын баг 1-р байр, н.Нямбаяр ахлагчтай Сүхбаатар сумын баг 2-р байр, н.Лхагвасүрэн ахлагчтай Сүхбаатар баг 3-р байранд шалгарлаа. Тэмцээний цуваа харваанд Монгол улсын үлэмж дархан мэргэн Б.Батбаатар түрүүлж, Монгол улсын дархан мэргэн Б.Зоригоо, Монгол улсын дэд мэргэн А.Энхбаяр нар удааллаа. Ургацын баярын теннисний тэмцээнд эмэгтэйчүүдийн тэргүүн байрыг багш Б.Мөнгөнчимэг, удаах байрыг П.Энхчимэг, Т.Энхтүвшин, тусгай байранд Д.Наранчимэг нар шалгарч хүч чадал, цэц мэргэ, оюун ухаанаараа манлайлж, баяраа чимлээ. Сумын "Ургацын баяр- 2016" арга хэмжээний гар бөмбөгийн тэмцээнийг "Өгөөж мандал уул" ХХК зохион байгууллаа. Энэхүү тэмцээний тэргүүн байрыг "Элит үр”  ХХК-ийн баг эзэлж, "Цэгээн хуст" ХХК, "Ар Сэвд Могойт" ХХК, "Нью кроп" ХХК-иуд тус тус шалгарчээ. Эмэгтэйчүүдээс тэргүүн байрыг "Хайрхан Оргил уул " ХХК-ийн баг, "Өгөөж мандал уул" ХХК-ийн баг, Д.Сэнгээгийн нэрэмжит Ерөнхий боловсролын Бүрэн дунд сургуулийн баг тамирчид удаах байруудад шалгарлаа.

Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ