Элсэн доорх бүрээн дуу оюуны наадам боллоо

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2016-12-02 15:18:29

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар гавьяат багш Д.Дагвын 100 насны ойг Завханд тэмдэглэлээ.

Монголын орчин цагийн сурган хүмүүжүүлэх ухааны тулгын чулууг тавилцаж, ард түмнийхээ үр хүүхдийг соён гэгээрүүлэх их үйлсэд өөрийн биеэр үлгэрлэн, үнэтэй хувь нэмрээ оруулсан хүний нэг бол Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат багш Дорлигийн Дагва юм. Түүний 100 насны ойг түүний үр хүүхдүүд, шавь нарынх нь санаачлагаар Завхан аймгийн ЗДТГ, Боловсрол соёл урлагийн газар, Жавхлант цогцолбор сургууль хамтран зохион байгууллаа.

Д.Дагва багшийн мэндэлсний 100 жилийн ойн хүндэтгэлийн дурсан санах, бахархан дуурайх, сурталчлан таниулах “ЭЛСЭН ДООРХ БҮРЭЭН ДУУ” оюуны наадмыг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар дэмжин ажиллажээ.  Мөн Д.Дагва судлалын чиглэлээр эссэ бичих, түүний зохиосон шүлгүүдийг мэдэх, уран унших зэрэг төрлүүдэд 29 сургуулийн 14100 суралцагч таван насны ангилалаар оролцож шилдэг 345 оролцогч наадмын хоёрын даваанд бүтээлээ ирүүлэн оюун ухаан, ур чадвар, авьяас билгээ сорьжээ. Харин ЕБС-ийн багш сурган хүмүүжүүлэгчдийн дунд зохион байгуулсан  “Хөдөлмөрийн баатар, Гавьяат багш Дорлигийн Дагва судлал” сэдэвт онол арга зүйн илтгэл бичих уралдааны эхний шалгаруулалтанд 29 сургуулийн 356 багшийн 91 илтгэл оролцсоноос шилдэг 29 илтгэл хоёрын даваанд шалгарсан юм. Наадмын шилдгүүдэд аймгийн удирдлагууд болон түүний үр хүүхдүүд шагналыг нь гардуулан өглөө.  Мөн энэ үеэр түүний ажиллаж байсан сургуулиуд амьдрал, уран бүтээлийнх нь түүхийг өгүүлсэн сонирхолтой үзэсгэлэн гаргасан байв.

Гавьяат багшийн үр хүүхдүүд ажлыг нь үргэлжлүүлж байна

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат багш Дорлигийн Дагва одоогийн Завхан аймгийн Түдэвтэй сумын нутагт 1916 оны хавар мэндэлжээ.

Тэрээр бага насандаа ээжийгээ алдаж аав, дүү хоёртойгоо өссөн ч сурч мэдэх, ажиллаж хөдөлмөрлөхийн төлөө өөрийгөө дайчлан монгол бичгээр алдаагүй цэвэр бичиж, уншиж, тооны ухаан, түмэн бодис, урлаг уран сайханд суралцан 10 гаруйхан настай хүү хөдөө нутагт эрдмийн үрийг тарьж байжээ. Өөрөөр хэлбэл хүүхдээ сургуульд өгдөггүй байсан 1930, 1940-өөд оны үед хүүхдийг сургуульд сургахын ач тусыг ард олонд ухуулан сурталчилж байсан алдар гавьяатан юм. Мөн тэрээр сайн зохион байгуулагч төдийгүй зохиолч, яруу найрагч, найруулагч, жүжигчин, хөгжимчин, зураач, барималч гээд олон талын мэдлэг, авьяастай хөдөлмөрч сурган хүмүүжүүлэгч байжээ.  Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат багш Дорлигийн Дагвын зургаан хүүхдийн хоёр нь өөрийнх нь мэргэжлийг эзэмшсэн байна.

Хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр түүний үр хүүхдүүдийг Завхан аймгийн хүндэт тэмдэг, 90 жилийн ойн медалиудаар тус тус шагнаж урамшууллаа. Энэхүү үйл ажиллагааны үеэр түүний үр хүүхдүүд аавынхаа ажиллаж байсан Цэцэн-Уул сумын сургууль, Түдэвтэй сумын сургууль, Уиастай сумын Жавхлант цогцолбор сургуульд иж бүрэн хэвлэгч машиныг гардуулан өгч дээрхи сургуулиудад Д.Дагвын нэрэмжит танхим байгуулан өгчээ.

Цаашид аавынхаа их үйлийг үргэлжлүүлэн Д.Дагвын нэрэмжит оюуны наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж суралцах хүсэлтэй суралцагч нарын, шинэ залуу багш нарын урмыг тэтгэсэн олон үйл ажиллагааг зохион явуулна гэдгээ хүндэтгэлийн арга хэмжээний үеэр илэрхийллээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ