Энэтхэгийн кино театруудад төрийн дуулал эгшиглүүлэхийг үүрэг болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2016-12-01 14:57:49

ШИНЭ ДЕЛИ./Reuters/.Кино гаргахаас өмнө төрийн дууллыг эгшиглүүлж байхыг бүх кино театрын захиргаанд үүрэг болгосон шийдвэрийг Энэтхэгийн Дээд шүүх гаргажээ.

Өчигдөр гаргасан уг шийдвэрийг 10 хоногийн дараагаас мөрдөж эхлэх ёстой бөгөөд төрийн дуулал эгшиглэж байх үед үзэгчид бүгд босч зогсох ёстой ажээ.

1960, 1970-аад оны үед тус улсын кино театруудад төрийн дуулал эгшиглүүлдэг байгаад аажмаар энэ уламжлал орхигджээ. Шүүхийн шийдвэртэй холбоотойгоор хүмүүс янз бүрийн байр суурьтай байгаа бөгөөд тэд санаа бодлоо нийгмийн сүлжээгээр дамжуулан илэрхийлж байна.

Энэтхэгт төрийн дуулалтай холбоотой албан ёсны нэгдсэн хууль байдаггүй бөгөөд тус улсын 29 муж тус бүр энэ тал дээр өөрийн гэсэн журамтай байдаг гэнэ.

Шинэ хуулийн дагуу төрийн дууллыг бүх кино театрт эгшиглүүлж, төрийн далбааг дэлгэцэн дээр гаргах ёстой аж.

Төрийн дууллыг “үл хүндэтгэсэн” гэх шалтгаанаар хүмүүс халдлагад өртөх тохиолдол тус улсад нэг бус удаа гарч байжээ.Тухайлбал, кино театрт төрийн дуулал явж байхад босч зогсоогүй гэх шалтгаанаар хөгжлийн бэрхшээлтэй нэгэн залуу руу халдсан хэрэг энэ оны 10 дугаар сард гарсан байна.

Мөн төрийн дуулал эгшиглэж байх үед үл хүндэтгэн босч зогсоогүй хэсэг хүмүүсийг кино театрын хана мөргүүлсэн хэрэг өнгөрсөн онд гарч байжээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ